​Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээ /APQN/ -ний 2017 оны жилийн нэгдсэн хуралдаан


Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээ /APQN/-ний 2017 оны жилийн нэгдсэн хуралдаан “NEW HORIZONS: DISSOLVING BOUNDARIES FOR A QUALITY REGION.” сэдвийн дор 5 дугаар 26-27 ны өдрүүдэд Оросын Холбооны улсын нийслэл Москва хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээг ОХУ-ын Магадлан итгэмжлэлийн байгууллага зохион байгууллаа. (www.аккредитация.рф).

Тус хурлыг ОХУ-ын мэргэжлийн болон олон нийтийн магадлан итгэмжлэлийн үндэсний төв http://ncpa.ru зохион байгуулж, дэлхийн улс орнуудын магадлан итгэмжлэлийн болон боловсролын байгууллагууд, Ази Номхон далайн орнуудын боловсролын яамдуудын төлөөлөл болох 30 орны 147 төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсаас БМИҮЗ–ийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мядагмаа оролцлоо.


Тус хурлын үйл ажиллагааг ОХУ-ын мэргэжлийн болон олон нийтийн магадлан итгэмжлэлийн үндэсний төвийн захирал Владмир Наводнов, Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээний экс ерөнхийлөгч, Энэтхэг улсын Магадлан итгэмжлэл болон үнэлгээний төвийн зөвлөх, доктор Жаганат Патил, Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээний ерөнхийлөгч доктор Жианхин Занг нар нээж үг хэллээ.

Энэ жилийн хуралдааны үндсэн сэдвүүд нь дээд боловсролын чанарын баталагаажилтын систем, чанарын үнэлгээ, чанарыг хүлээн зөвшөөрөх, дээд боловсролын сургалтын байгууллагуудад дотоод чанарын баталгаажуулалтыг хөгжүүлж төлөвшүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, дэлхийн боловсролын шинэ чиг хандлагыг хөгжүүлэх, үндэстэн дамнасан боловсролын чанарын баталгаажилт, хамтарсан хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл, үндэсний мэргэшлийн хүрээ зэрэг асуудлууд байлаа. Хуралдааны үндсэн илтгэгчээр ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын салбарын Боловсролын инноваци, ур чадварын хөгжлийн (EISD) хэсгийн дарга доктор, профессор Либин Ван, АНУ-ын Дээд боловсроын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн /CHEA/ ерөнхийлөгч Жудит Итан, ОХУ-ын Боловсролын “Перспектив” сангийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Владимир Свинский, ERASMUS PLUS төслийн үндэсний зохицуулагч доктор Ольга Олейникова нар байлаа.

Нэгдсэн хуралдаануудаас гадна 3 хэсэгт хуваагдсан салбар хуралдаанууд зохион байгуулагдлаа. Нэгдсэн хуралдаан ба салбар хуралдаанууд дээр Ази, Номхон далайн орнуудын илтгэгчид өөр өөрийн орны магадлан итгэмжлэлийн үйл явцад гарч буй өөрчлөлт шинэчлэлт, ололт амжилт, чанарын баталгаажуулалтын ашиг тус, өвөрмөц онцлогуудыг харуулсан илтгэлүүдийг тавьж санал бодлоо солилцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг www.apqnrussia.ncpa.ru. хаягаар орж авна уу.

Хоёр өдрийн хуралдааны төгсгөлд зөвхөн гишүүн байгууллагуудын хүрээнд 2016 оны жилийн нэгдсэн тайланг хэлэлцлээ. Уг тайланд тус байгууллагын 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон ирэх жилд хийгдэх ажлуудынхаа талаар тус байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөлийн гишүүд тодорхой тайлагнаж, шилдэг байгууллагуудаа шалгарууллаа.



Уг тайланд өнөөдрийн байдлаар, тус байгууллага Ази, Номхон далайн 40 орны 197 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд жинхэнэ гишүүн 37, дунд шатны 22, байгууллагын 113, анхан шатны 10, ажиглагч 31 гишүүн байгууллага байна. Монгол улсаас БМИҮЗ нь жинхэнэ гишүүнчлэлтэй, АШУҮИС, Их засаг их сургууль, Газарчин дээд сургуулиуд байгууллагын гишүүнчлэлтэй байна.