АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл зөвлөл (ACBSP)-ийн 2017 оны нэгдсэн хуралдаан болов.


АНУ –ын Анахейм хотноо 2017 оны 06 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлийн жилийн нэгдсэн хуралдаан болов. Энэхүү хуралдаанд тус байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн болон магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж буй сургууль, хөтөлбөрүүдийн төлөөллүүд оролцсон бөгөөд мөн ACBSP-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал Ж.Болормаа, Гадаад харилцаа, олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр нар оролцов.

Тус байгууллагаар Монголын 9 сургууль магадлан итгэмжлэгдэж, 11 сургууль нэр дэвшигч, гишүүн сургуулийн статустай, магадлан итгэмжлэлд бэлтгэж байснаас 2017 оны нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулиуд магадлан итгэмжлэгдэж, батламж гэрчилгээгээ гардаж авав.

Тус хурлын үеэр ACBSP –ийн магадлан итгэмжлэл хариуцсан дэд захирал Диана Халлеруд Монгол улсаас оролцож буй гишүүн сургуулиудад зориулан сургалт, семинарыг зохион байгуулж, өөрийн үнэлгээний болон ахиц дэвшлийн тайланг бэлтгэх чиглэлээр мэдээлэл өгч, сонирхсон асуултаар хэлэлцүүлэг зохион байгуулав.