АШУҮИС-ийн ХҮНИЙ ИХ ЭМЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАТЛАМЖАА ХҮЛЭЭН АВЛАА


АШУҮИС-ийн ХҮНИЙ ИХ ЭМЧ бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа 2016 оны 11-р сарын 30-нд АШУҮИС-ийн соёлын төвд боллоо.

1942 онд Монгол Улсын их cypгуульд Хүн эмнэлгийн факультет байгуулагдсанаас хойшхи 70 гаруй жилийн хугацаанд Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар шинэчлэн боловсронгуй болгож ирсэн билээ. Энэ хугацаанд АШУҮИС нь 2011, 2016 онуудад Сургалтын хөтөлбөрөө Үндэсний хэмжээнд амжилттай магадлан итгэмжлүүлж, сургалтаа явуулж байна.

2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг БСШУСЯ, Боловсролын газар, Дээд боловсролын хэлтэс, Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, магадлан итгэмжлүүлснээр олон улсын түвшинд хүрсэн сургалт явуулдаг болохыг баталгаажуулсан юм.


Төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд кредит болон оюутан солилцоо, төгсөлтийн дараах сургалтаар мэргэжил дээшлүүлэх, мэргэших урт, богино хугацааны сургалтанд хамрагдах боломжтой. Хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэнээр тус сургуулийн суралцагч оюутнууд, төгсөгчид, эмч нар олон улсад ямар нэгэн нэмэлт хөтөлбөрийн зөрүүгүйгээр цаашид суралцах таатай боломж нээгдлээ.