БСШУСЯам, БМИҮЗ, ХБНГУ-ын ASIIN e.V. байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Туршилтын магадлан итгэмжлэлд бэлтгэх сургалт, семинар 2017 оны 5 дугаар сарын 8-19-ны хооронд

БСШУСЯам, БМИҮЗ, ХБНГУ-ын ASIIN e.V. байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Туршилтын магадлан итгэмжлэлд бэлтгэх сургалт, семинар 2017 оны 5 дугаар сарын 8-наас 12-ны хооронд Байгууллагын магадлан итгэмжлэл сэдвээр явагдсан билээ. "Хөтөлбөрийн болон Урьдчилсан магадлан итгэмжлэл"-ийн сургалт, семинар өнөөдөр эхэлсэн бөгөөд сургалтыг нээж БСШУСЯамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан Монголын дээд боловсролын бодлого, төлөвлөгөөг танилцууллаа. Мөн ASIIN e.V. байгууллагын гүйцэтгэх захирал Иринг Вассэр "Ижилсэх түншлэл" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи 1 жилийн хугацаанд хийгдсэн ажлаа танилцууллаа. "Хөтөлбөрийн болон Урьдчилсан магадлан итгэмжлэл" сургалт, семинар 2017 оны 5 дугаар сарын 15-наас 19-ны хооронд явагдах бөгөөд БМИҮЗ, ASIIN e.V. байгууллагуудын хамтран гаргасан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагаар магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан сургуулиудын төлөөллүүд, БМИҮЗ-ийн шинжээчид болон оюутан шинжээч болохоор бэлтгэгдэж буй АШУҮИС-ийн оюутнууд оролцож байна.

Энэ удаагийн сургалт семинарын хүрээнд туршилтын магадлан итгэмжлэлд хамрагдах сургууль, хөтөлбөрүүдийн өөрийн үнэлгээний тайланд үндэслэн шалгуур, шаардлагын дагуу өөрийн үнэлгээ хийх, тайлан бичих, нотлох баримтыг тайлбарлах, магадлан итгэмжлэлийн үйл явцад сургууль, хөтөлбөр болон шинжээч, зохицуулагчийн хүлээх үүрэг зэрэг үндсэн асуудлууд дээр суурилан ASIIN e.V. байгууллагын гүйцэтгэх захирал Иринг Вассэр, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жана Мохрэн нар удирдан явуулна.

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр БСШУЯ болон Герман улсын ХБНГУ-ын инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэх агентлагтай /ASIIN/ Ижилсэх түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ болон дагалдах ажлын төлөвлөгөөг баталсан билээ. Энэхүү ажлын төлөвлөгөөний дагуу АSIIN байгууллага БМИҮЗ-ийн Ажлын алба удаа дараа цахим хэлэлцүүлгийг хийж, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, журмыг шинэчлэн сайжруулан, туршилтын магадлан итгэмжлэлийг эхлүүлээд байна.