БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн дарга Ж.Батсуурь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн ерөнхийлөгч Mr.Jeffrey Alderman

БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн дарга Ж.Батсуурь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн ерөнхийлөгч Mr.Jeffrey Alderman болон АНУ-ын Перегрин Академик Сервис /PAS/ -ийн ерөнхийлөгч Олин О.Оедековен, Гадаад харилцааны захирал Ж.Алимаа, Перегрин Академик Сервис Монгол ХХК-ийн захирал В.Алзахгүй нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажил болон цаашид хийгдэхээр төлөвлөсөн ажил байдалтай нь танилцах уулзалт 2017 оны 5 дугаар сарын 9-ний өглөөний 09 цагт БСШУСпортын яаманд боллоо.


Энэ уулзалтын дараагаар ACBSP-ийн ерөнхийлөгч Mr.Jeffrey Alderman болон АНУ-ын PAS -ийн ерөнхийлөгч Олин О.Оедековен, Гадаад харилцааны захирал Ж.Алимаа, Перегрин Академик Сервис Монгол ХХК-ийн захирал В.Алзахгүй нар БМИҮЗ-ийн ажлын албанд ирж, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Болормаатай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан бөгөөд уг бүрэлдэхүүн СЭЗИС болон ХААИС дээр зочлон, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. ACBSP-ийн бизнесийн сургуулиудад зориулсан сургалт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ.



Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2008 онд АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) -тэй анх ажил хэргийн холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 25-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнгөрсөн хугацаанд бид тус зөвлөлтэй хамтран хэд хэдэн сургалтыг амжилттай зохион байгуулж, ACBSP-ийн жил бүрийн хуралд манай дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцож ирсэн. Өнөөдрийн байдлаар СЭЗИС, МУИС-ийн Бизнесийн сургууль, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, "Мандах бүртгэл" дээд сургууль, "Сан" дээд сургууль, "Этүгэн" их сургууль, ХААИС –ийн Эдийн засаг бизнесийн сургууль, "Сэрүүлэг" их сургууль, "Идэр" дээд сургууль зэрэг 9 сургууль ACBSP-өөр магадлан итгэмжлэгдээд байна. СЭЗИС нь Монгол улсаас олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль бөгөөд Монгол улсаас гадна Төв болон Зүүн Азид олон улсын магадлан итгэмжлэлийн загвар болсон сургууль юм.