​“Докторын хөтөлбөрийн дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын тогтолцоо” сургалт-семинар ТОВЧ ТАЙЛАН

Зураг. Монголын төслийн баг. 2017-07-05



“Европын интеграцитай уялдуулан докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар судалгааны интернациональчлалыг дэмжих” Erasmus+(C3QA) төслийн хүрээнд хийсэн эхний ажил нь W1: Чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа байсан бөгөөд энэ хүрээнд БСШУСЯ, БМИҮЗ, МУИС, ОТИС-ийн баг хамтран 2017 оны эхний улиралд нөхцөл байдлын шинжилгээг хамтран хийж нэгдсэн тайлангаа http://c3-qa.com/ сайтад байршуулсан (тайланг бүрэн эхээр хавсралтаас үзнэ үү).

Нөхцөл байдлын шинжилгээний тайлан нь дараах 4 бүлэгтэй. Үүнд:

  • Монгол улсын дээд боловсрол ба эрдэм судлалын тойм
    • Дээд боловсролын тогтолцоо
    • Дээд боловсролын болон чанарын баталгаажуулалтын хууль эрх зүйн зохицуулалт
    • Докторын сургалтын талаар баримтлах үндэсний бодлого, дэмжлэг
    • Европын зарчим, стандарт, зөвлөмжүүдтэй нийцтэй байдал
  • Докторын сургалтын ерөнхий төлөв
    • Докторын хөтөлбөрийн хэрэгжилт
    • Суралцагчид ба төгсөгчид
    • Докторын сургалтын дотоод ба хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын механизмууд
      • Дотоод чанарын баталгаажуулалт
      • Хөндлөнгийн чанарын баталгаажуулалт
  • Докторын сургалт ба түүнийн чанарын баталгаажуулалтанд тулгамдаж буй асуудлууд
    • Үндэсний бодлогын түвшинд
    • Дээд боловсролын сургалтын байгууллагуудад
    • Нийгэм, эдийн засгийн орчинд
  • Сайн туршлага, жишээ
    • Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл
    • Хөтөлбөрийн шинэчлэл

Төсөлд хамрагдсан 4 улсын нөхцөл байдлын судалгаа болон Испани, Франц, Польш улсуудын туршлагыг хэлэлцэн төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт-семинар 2017 оны 7 сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Украйны нийслэл Киев хотноо зохион байгуулагдлаа.

Украйны баг хариуцан, Киевын худалдаа, эдийн засгийн үндэсний их сургууль (Kyiv National University of Trade and Economics) дээр зохион байгуулсан сургалтанд 7 орны 21 байгууллагын 57 хүн оролцов.

Төслийн баг Монгол улсын хувьд докторын түвшиний сургалтын нөхцөл байдлын талаар танилцуулж, мөн Армени, Украйн, Казакстан, Испани, Франц, Польшийн илтгэлүүдийг сонсч хэлэлцүүлсний зэрэгцээ бусад орны төлөөллүүдтай баг болон ажиллаж, дараах асуудлуудаар мэдлэг, туршлагаа солилцлоо. Тухайлбал:

  • Докторын хөтөлбөрт ямар ур чадвар, чадамжийг олгодог вэ? Тэдгээр нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нийцдэг вэ?
  • Докторт суралцагчдыг хэрхэн дагалдуулж, судалгааны ур чадварыг хөгжүүлж, дисертацийн хамгаалалтанд бэлтгэдэг вэ?
  • Докторын сургалтанд сургалт ба судалгаанд суурилсан хандлагыг хэрхэн хослуулдаг вэ? Сургалт судалгаа, шинжлэх ухааны нэгдмэл байдлыг хэрхэн хангадаг вэ?
  • Докторын сургалт, суралцагчдыг хэрхэн дэмжиж, урамшуулдаг вэ?
  • Докторын сургалтыг хэрхэн үнэлж, хянаж дүгнэдэг вэ?

Монгол, Армени, Украйн, Казакстан улсын нөхцөл байдлын судалгааг хэлэлцэх явцаас үзэхэд докторын сургалтын зохион байгуулалт, хэрэгжилтийн хувьд улс орнууд ижил төстэй боловч харилцан суралцах өвөрмөц туршлагатай, харин чанарын баталгаажуулалтын хувьд харилцан адилгүй байлаа. Европын интеграцийн хүрээнд олж авсан өөрсдийн туршлагаа танилцуулсан Испани, Франц, Польш улсуудын хувьд нийтлэг зарчим хандлага тогтсон байна. Ийм учраас эдгээр улс орнуудын төлөөллүүд сургалт-семинарт оролцогчдын үзэл бодол, дүгнэлт, санал хүсэлтийг нэгтгэн зөвлөмж, гарын авлага бэлтгэх, ба дараагийн сургалт-семинарыг хариуцан Испанийн Мадрид хотноо Алкала их сургууль дээр зохион байгуулж, хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын үйл явцад төвлөрөн хийхээр болов.

Монгол, Казакстан улсын төслийн баг нь нөхцөл байдлын судалгааг хамтран хийж, нэгтгэн тайлагнасныг оролцогчид сайшаасан бол Армени, Украйн улсын багийн бүрэлдэхүүн тус бүр бие даасан тайлан танилцуулсан учраас нөхцөл байдлын судалгааг тухайн улс орнуудын Чанарын баталгаажуулалтын байгууллагууд тайланг нэгтгэн сайжруулах нь зүйтэй гэж төсөл хэрэгжүүлэгчид санал болгосон. Гэвч энэхүү сургалт семинараас олж авсан шинэ мэдээлэл, арга зүйг ашиглан нөхцөл байдлын судалгааг сайжруулах нь зүйтэй бөгөөд үүнийг БМИҮЗ-ийн баг хариуцаж ажиллах болов.

Сургалт-семинарын төгсгөлд Erasmus+ С3QA төслийн зохицуулагч Arayik NAVOYAN цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, харилцан ярилцав. Үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарийн дагуу БСШУСЯ-ны баг бодлогын түвшинд хийх өөрчлөлт шинэчлэлтийн талаар, МУИС, ОТИС-ийн баг дотоод чанарын баталгаажуулалтын бүтэц, журмыг боловсруулах, БМИҮЗ-ийн баг докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг боловсруулах чиг үүргийг тус тус хариуцан төслийн багийн үйл ажиллагааг тогтмолжуулах талаар санал нэгдлээ.


Тайлан бичсэн:

Ажлын албаны захирал Ж.Болормаа

Ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг

Мэргэжилтэн Ц.Батбаяр