Холбоо барих

Шалгуур 1. Эрхэм зорилго, зорилтууд

Эрхэм зорилго, алсын хараа нь сургуулийн  онцлог байдал, үндэсний болон олон улсын хүрээнд эзлэх байр суурийг тусгасан байна. Эрхэм зорилго, алсын харааг өдөр тутмын үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, үечилсэн байдлаар хянан үнэлж, шинэчилдэг байна.

1.1 Эрхэм зорилго, алсын хараа

Эрхэм зорилго, алсын хараа нь сургуулийн дотоод болон гадаад оролцогч талууд, ялангуяа оюутан суралцагчид, багш, ажилтан, төгсөгчид, харьяа яам, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.

1.2 Зорилгууд

Сургалт, судалгаа болон бусад үйлчилгээний зорилгуудаа сургуулийнхаа эрхэм зорилго, алсын хараатай уялдуулан, бодитой, үндэслэлтэй тодорхойлсон байна. Сургуулийн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан үнэт зүйлс, хандлага, үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг бүх салбар, нэгжүүд тууштай хэрэгжүүлдэг байна.

1.3  Стратегийн төлөвлөгөө

Сургуулийн зорилгуудыг хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө нь тууштай хэрэгжиж, үүнд холбогдох оролцогч талуудыг системтэйгээр оролцуулдаг байна.  Стратегийн төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэн гүйцэтгэлийг тасралтгүй хянан үнэлж, сайжруулдаг байна.

1.4  Зорилго, стратегийн үнэлгээ, дүгнэлт

Сургуулийн зорилгууд, тэдгээрийг хэрэгжүүлэх стратегийг байнга хянан үнэлж, шинэчилдэг, үүнд холбогдох талуудыг татан оролцуулдаг байна. Эрхэм зорилго, зорилго, тэдгээрийн хэрэгжилт, үнэлгээг олон нийтэд ил тод мэдээлдэг байна.

Шалгуур 2. Засаглал ба эрх зүйн зохицуулалт

Сургууль нь стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хэрэгцээг хангахуйц зохион байгуулалтын бүтэц, засаглал, эрх зүйн зохицуулалттай ажиллаж, үйл ажиллагааны чанарыг байнга сайжруулдаг байна. 

2.1 Засаглал

Сургууль, салбар, нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо, шийдвэр гаргах эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалтыг  зохион байгуулах бүтэц нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн, оролцогч талуудын идэвхтэй оролцоонд тулгуурласан байна. 

2.2  Захиргаа

Сургуулийн захиргаа нь эрхэм зорилго, зорилгуудыг хэрэгжүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлж, дэмжлэг үзүүлнэ. Салбар, нэгжүүд нь багшлахуй, суралцахуйг дэмжин хамтран ажиллаж, оролцогч талуудын сэтгэл ханамжийг  дээшлүүлдэг байна.

2.3  Хамтын ажиллагаа

Эрхэм зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг дэмжих, сайжруулах чиглэлээр дотоод ба гадаад хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлдэг байна.

2.4  Эрх зүйн зохицуулалт

Сургууль нь нэгж, хамт олон, хувь хүн бүрийн оюуны болон академик эрх чөлөөг хангасан, мэргэжлийн ёс зүй ба шинжлэх ухааны судалгаа, боловсролын үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээнд тулгуурласан, сахилга хариуцлага, аюулгүй байдлын горимыг тогтоон тодорхойлсон эрх зүйн зохицуулалттай, мөн тодорхой хугацаанд нээлттэй хянан сайжруулдаг байна. 

Шaлгуур 3. Сургалтын хөтөлбөрийн УДИРДЛАГА

Сургууль нь үндэсний болон олон улсын стандарт, мөн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, чанартай үйлчилгээ үзүүлдэг байна.

3.1  Үйл ажиллагааны журам, үүрэг хариуцлага

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах загвар, хэрэгжилт, хяналт үнэлгээ, хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг журмаар тодорхойлно. Журамд холбогдох бүтэц, уялдаа холбоо, үүрэг хариуцлагын хуваарилалтыг тодорхой заасан байна. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй багш ажилтан, суралцагч, төгсөгчид болон бусад оролцогч тал, хөдөлмөрийн зах зээлийн оролцоог тодорхой тусгасан байна.

3.2  Хөтөлбөрийн зорилт, агуулга

Хөтөлбөрийн зорилго нь сургуулийн стратеги, дотоод болон гадаад оролцогч талуудын эрэлт, шаардлагад нийцсэн байна. Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн зорилтот үр дүнг тодорхойлохдоо үндэсний болон олон улсын мэргэжлийн ур чадварын түвшин тэр дундаа мэргэжлийн шаардлагуудыг тусгасан байна. Хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүнг тухайн хөтөлбөрт хамрагдсанаар суралцагчийн эзэмших академик болон ажил мэргэжлийн, түүнчлэн хөрвөх (ерөнхий, хувь хүний) мэдлэг, ур чадвар, дадлаар тодорхойлсон байна. Хөтөлбөрийн агуулга нь суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай суралцахад нь дэмжсэн байна.

3.3  Багшлах арга зүй ба оюутны ачаалал

Хичээлийн хөтөлбөрийн боловсруулалт, сайжруулалт нь хөтөлбөрийн зорилтод нийцэж байгаа эсэхийг хянан баталгаажуулах заавар, журамтай байх ба хэрэгжилтийг байнга хянан үнэлдэг байна. Багшлах, суралцах арга зүй нь оюутан төвтэй арга барил дээр тулгуурласан, суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай суралцахад нь дэмждэг байна. Хөтөлбөрөөр суралцах оюутны ачааллыг урьдчилан тодорхойлж, ил тод, тасралтгүй хянан үнэлдэг байна.

3.4  Суралцагчийн үнэлгээ

Хөтөлбөрөөр суралцагчийн мэдлэг, ур чадвар, дадлыг үнэлэх дүрэм, журамтай байна. Суралцагч нь суралцахуйн зорилтот үр дүнгийн ямар түвшинд хүрснийг тогтоон үнэлэх шалгуур нь ил тод, шударга байх ба үнэлгээний арга зүй нь шударга бус зүйлээс урьдчилан сэргийлдэг байна. Шалгалтыг зохион байгуулах удирдамж, журамтай байх ба шалгалт нь оюутны амжилт, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ аливаа сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэдэг байна. Шалгалт, үнэлгээтэй холбоотой оюутны гомдол саналыг хүлээж авч шударга шийдвэрлэдэг байна.

3.5 Төгсөлтийн баримт бичиг

Төгсөгчид суралцсан хөтөлбөрийн хичээл тус бүрээр мэдлэг, ур чадвар, дадлын түвшинг жагсаасан хавсралт (англи хэл дээр) бүхий диплом, баримт бичиг олгох үйл явцыг холбогдох журмын хүрээнд хэрэгжүүлдэг байна. Төгсөгчид олгох баримт бичгүүд нь тухайн оюутны чадамжийн тухай мэдээлэл болон хөтөлбөрийн тодорхойлолт, суралцахуйн үр дүн, агуулга, түвшин түүнчлэн боловсрол, мэргэшлийн зэрэгтэй холбоотой мэдээллүүдийг багтаасан байна.

3.6  Хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах

Сургууль нь хөтөлбөрийг тогтмол, тодорхой давтамжтайгаар хянах, тасралтгүй сайжруулах журам, бодлоготой байна. Хөтөлбөрийн үнэлгээ нь суралцахуйн зорилтот үр дүн бодитой хэрэгжснийг болон оюутан суралцагчийн амжилтыг баталгаажуулдаг байна. Хөтөлбөрт элсэх, суралцах, дэвших, төгсөх үйл явцын үнэлгээг тогтмол үр дүнтэй хийдэг байна. Оролцогч талууд нь чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцдог байна. Тухайлбал төгсөгчидтэй тогтмол холбоотой ажиллаж, санал бодлыг нь авах, мөшгих судалгаа хийн мэдээллийн сан бүрдүүлэн байнга баяжуулан шинэчилж, хөтөлбөрийг сайжруулахад ашигладаг байна.

Шалгуур 4.  ХҮНИЙ НӨӨЦ

Сургууль нь өөрийн эрхэм зорилго, зорилгуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хүний нөөцийг сургуулийн хэмжээнд төдийгүй салбар, нэгж, хөтөлбөр бүрээр төлөвлөн бүрдүүлж, хөгжүүлэх бодлоготой байна.  

4.1 Хүний нөөцийн бодлого, зохицуулалт

Сургууль нь багш, ажилтнууд, нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалттай  холбоотой бодлоготой байна. Сонгон шалгаруулах журам нь эрдмийн эрх чөлөө, ёс зүй, шударга, ил тод байдлыг хангасан байх ба тууштай хэрэгждэг байна.

4.2 Хүний нөөцийн хөгжил

Багш, ажилтны хөгжлийн үзэл баримтлал нь тодорхой, тууштай хэрэгждэг байна. Багш, ажилтан, суралцагчид нь үндэсний хэмжээний ажил мэргэжлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, ур чадвараа хөгжүүлдэг байна.

4.3  Хүний нөөцийн мэдээллийн сан

Сургууль нь хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлсэн байх ба үүнд ажилд орсноос эхлээд ажлын гүйцэтгэлийн мэдээллүүд байна.

4.4  Багш ажилтны цалин, урамшуулал

Багш, ажилтны цалингийн тогтолцоо нь шударга, тэгш, ил тод зарчимд үндэслэсэн байна. Гүйцэтгэл-чанарт суурилсан урамшууллын тогтолцоотой, тууштай хэрэгждэг байна.

Шалгуур 5. МАТЕРИАЛЛАГ БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨөц  

Сургууль нь эрхэм зорилго, зорилгуудаа амжилттай хэрэгжүүлэх материаллаг болон технологийн нөөцийг бүрдүүлэх, байнга шинэчлэх бодлого, зохицуулалттай байна.

5.1  Анги танхим, тоног төхөөрөмж,

Анги танхим, тоног төхөөрөмж нь сургалтын үйл ажиллагаанд хангалттай хүрэлцээтэй байх ба багшлахуй, суралцахуйн таатай орчинг бүрдүүлсэн байна. Сургалтын орчин нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд нийцсэн байна.

5.2  Лаборатори

Багш, суралцагсдын хэрэгцээнд нийцсэн сургалт, судалгааны лабораториудтай байна. Лабориаториуд нь суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх, сургалтын хөтөлбөр болон судалгааны ажлын гарц, үр дүн, чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлдэг байна. Сургууль нь лабораторийн үйл ажиллагааг хянан үнэлж, шаардлагатай үед шинэчилдэг байна. 

5.3  Мэдээлэл харилцааны технологийн систем

Сургууль нь сургалт, судалгаандаа тохирсон мэдээлэл харилцааны технологийн системтэй, хангалттай тооны программын лицензтэй, түүнийг ашиглах компьютер, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Суралцагч, багш, ажилтнууд тэдгээрийг ашиглах боломжоор хангагдсан байх ба бүх хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан нууцлал хамгаалалттай байна.

5.4  Номын сан

Номын санг байнга шинэчлэх бодлого, бүтэц, зохицуулалттай байх ба багш, ажилтан, суралцагчдын хэрэгцээнд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, онлайн мэдээллийн сан бүрдүүлэх цахим болон дижитал технологийг хөгжүүлдэг байна. “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS574:2007/-ыг хангасан байна. Сургалт, судалгаандаа олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашигладаг байна.

5.5  Санхүүгийн чадавхи

Сургууль, нэгжүүд нь сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй, санхүүгийн нөөцийг олон эх үүсвэрээс бүрдүүлдэг байна. Санхүүгийн удирдлагын тогтолцоо нь үйл ажиллагааны төлөвлөгөөг системтэй хэрэгжүүлэхэд чиглэдэг байна. Санхүүгийн төлөвлөгөө нь тогтвортой байдлыг хангах, гэнэтийн үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх боломжтой байна. Сургуулийн үйл ажиллагааны бүх түвшинд санхүүгийн тайлан, мэдээллийн систем нь ил тод байх ба үндэсний стандартад нийцсэн байна.

Шaлгуур 6. СУРАЛЦАГЧДАД ЧИГЛЭСЭН үйлчилгээ

Сургууль нь суралцагчдад хувь хүний хөгжилд болон амжилттай суралцахад нь дэмжих тохирсон үйлчилгээг үр дүнтэй үзүүлдэг байна.

6.1  Суралцагчдад чиглэсэн үйлчилгээний бодлого, зохицуулалт

Сургууль нь оюутны академик болон хувь хүний хөгжлийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн үйлчилгээг хүртээмж, чанартай үзүүлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, байнга сайжруулдаг байна.

6.2  Суралцагчийн хөгжил

Ур чадвартай, сайн суралцагчдыг урамшуулах, үнэлэх (хөтөлбөрөөр болон хөтөлбөрөөс гадна олж авсан ур, чадварууд орно) бодлого, журмыг хэрэгжүүлж, суралцагчийн хөгжлийг дэмжин идэвхжүүлдэг байна. Оюутан солилцоо, сургалт, судалгааны төсөлд суралцагчдын оролцоог дэмжих бодлогыг системтэйгээр хэрэгжүүлдэг байна.

6.3  Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид чиглэсэн үйлчилгээ

Сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид элсэх, суралцахтай холбоотой бодлогыг байнга хэрэгжүүлдэг, ялангуяа багшлахуй ба суралцахуй, үнэлгээний арга хэлбэр нь тэдний тусгай хэрэгцээ, шаардлагыг хангасан байна.

6.4  Оюутны байгууллага ба оюутны оролцоо

Сургуулийн үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд оюутны оролцоог дэмждэг байна. Тодорхой бодлого, чиглэлийн хүрээнд оюутны байгууллагыг дэмжиж ажиллах бүтэц, зохицуулалттай байна.

Шaлгуур 7. Нийгэмд чиглэсэн үйлчилгээ

Сургууль нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чиг үүргээ хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байна.

7.1  Нийгмийн хариуцлага

Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон нийтэд үйлчилгээ үзүүлэх бодлого, үйл ажиллагаа нь сургуулийн үндсэн зорилго, чиглэлтэй уялдсан байна. Үйл ажиллагааны дараалал, үүрэг хариуцлага болон нөөц бололцоог сайтар төлөвлөн хэрэгжүүлж, хянан үнэлдэг байна.

7.2  Нийгмийн түншлэл

Сургууль нь ажил олгогчид, төгсөгчид, мэргэжлийн холбоо нийгэмлэгүүдтэй  түншлэлийн бодлого хэрэгжүүлэх, дотоод ба гадаад хамтын ажиллагааны бүтэц, зохицуулалттай байна.

Шaлгуур 8. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, инноваци

Сургуулийн стратегийн зорилтод нийцүүлэн судалгаа, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.

8.1  Эрдэм шинжилгээний бодлого, удирдлага

Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо холбогдох багш, судлаач, оролцогч талуудын оролцоог бүрэн хангаж, сургуулийн алсын хараатай уялдсан улмаар улс орны хэрэгцээ, тулгамдсан асуудалд нийцсэн байна. Сургууль нь сургалт, судалгаа, мэргэжил, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор гадаад хамтын ажиллагааг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг байна.

8.2 Судалгааны баг

Салбар, нэгж тус бүр сургуулийн бодлогод нийцсэн өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлээр судалгааны багуудыг бүрдүүлж ажиллана. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд бүх түвшний судлаач, багш, ажилтан, мөн оюутнууд оролцдог байхаар бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг байна. Судалгааны үр дүн нь багшлахуй, суралцахуйг дэмждэг байна.

8.3 Судалгааны санхүүжилт

Судалгаанаас олох орлого болон зардлууд сургуулийн төсөвд тусгагдаж, хэрэгждэг байна. Судалгаанд оролцогч нэгж, ажилтан бүрт төсөв, төсвийн хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлдэг байна.

Шaлгуур 9. Чанарын БАТАЛГААЖУУЛЛЫН тогтолцоо

Сургууль нь чанарын бодлоготой, түүнийг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцоотой байна. Чанарын удирдлагын тогтолцоо нь үндэсний  болоод олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөхөд чиглэж ажиллах ба дотоод болон гадаад оролцогч талын оролцоог хангасан, ил тод байна.

9.1  Чанарын удирдлагын бодлого

Чанарын удирдлагын тогтолцоо нь сургуулийн стратеги, чанарын бодлоготой нийцсэн байх ба салбар, нэгж болон багш, ажилтнуудын бие даасан байдал, академик эрх чөлөөг хангахын зэрэгцээ хууран мэхлэх, дарамтлах, алагчлахаас сэргийлж, боловсролын үйлчилгээний чанарын баталгааг хангахад чиглэнэ. Чанарын удирдлагын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд дотоод ба гадаад оролцогч талуудыг оролцуулдаг байна.

9.2 Чанарын дотоод удирдлагын тогтолцоо, журам

Чанарын удирдлагын бодлогоо хэрэгжүүлэх бүтэц, журам нь үр дүнтэй хэрэгждэг байна. Бүтэц, үйл ажиллагаанд оролцогч талууд, ялангуяа багш, судлаач, захиргааны болон бусад төлөөллийн оролцоог хангасан байна.

9.3  Удирдлагын мэдээллийн систем

Удирдлагын шуурхай, оновчтой үйл ажиллагааг хангахад чиглэсэн, мэдээлэл цуглуулах, боловсруулах удирдлагын мэдээллийн тогтолцоотой байна. Цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээг үндсэн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад ашигладаг байна. Удирдлагын мэдээллийн систем нь орчин үеийн мэдээлэл харилцааны технологи дээр суурилсан байх ба  байнга хянан сайжруулдаг байна.

9.4  Олон нийтийн мэдээлэл ба үйл ажиллагааны ил тод байдал

Сургууль, салбар, нэгж бүр нь өөрийн үйл ажиллагааны талаар тодорхой, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд шуурхай хэвлэн нийтэлж хүргэдэг байна.

9.5  Чанарын удирдлагын нөөц

Чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх хүний, санхүүгийн болон материаллаг нөөцтэй байна.

9.6  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал

Сургууль нь чанарын баталгааг хангаж, сургуулийнхаа нэр хүндийг гадаадад болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлдэг байна.

9.7  Үндэсний хэмжээний байр суурь

Сургууль нь үндэсний хэмжээнд өөрийн боломжит дээд түвшинд эрэмбэлэгдэхийн төлөө стратегитай ажиллаж, өрсөлдөх чадвараа хөгжүүлдэг байна.