Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур

ОРЦ:

Шалгуур 1. Эрхэм зорилго, зорилт

Сургууль нь эрхэм зорилго, зорилтуудыг олон улсын дээд боловсролын хөгжлийн чиг хандлага болоод өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн тодорхойлж баталгаажуулан, өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх,зохион байгуулах, үнэлж дүгнэхэд тууштай баримталж ажиллахын зэрэгцээ тодорхой хугацаанд хянан үзэж, шинэчилдэг байна.

1.1.Эрхэм зорилго

Эрхэм зорилго нь сургуулийн өвөрмөц дүр төрх, үйл ажиллагааны хэтийн төлөв,тэмүүллийг тусгасан байна.

1.2.Үзэл баримтлал

Сургуулийн үзэл баримтлалд тусгагдсан үнэт зүйлс, хандлага, үйл ажиллагааны үндсэн зарчмууд нь бүх салбар, нэгжийн үйл ажиллагаанд тууштай хэрэгждэг байна.

1.3.Зорилго, зорилтууд

1.3.1.Сургуулийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг бодитой, хэрэгжихүйц байдлаар тодорхойлж, хэрэгжилтийг тасралтгүй хянан үнэлж, сайжруулдаг байна.

1.3.2.Үйл ажиллагааны зорилго, зорилтууд болон тэдгээрийн хэрэгжилтийн талаарх үнэлгээ, дүгнэлтийг олон нийтэд ил тод мэдээлж, хамт олны оролцоотойгоор шинэчлэн тодорхойлдог байна.

Шалгуур 2. Төлөвлөлт, чанарын баталгаажилт

Сургууль, түүний салбар, нэгжүүд нь үйл ажиллагааны болон төсвийн урт, богино хугацааны төлөвлөгөөтэй ажиллаж, гүйцэтгэл, үр дүнд байнгын дүн шинжилгээ хийж, үр нөлөөг дээшлүүлдэг байна.

2.1.Төлөвлөлт, төсөвлөлт

Үйл ажиллагааны төлөвлөлтийг төсөвлөлттэй уялдуулан системтэйгээр хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлсэн байна.

2.2.Үр дүнгийн тайлан, мэдээ

Сургуулийн удирдлагын бүх түвшинд төлөвлөгөө, төсвийн хэрэгжилтийг гүйцэтгэлийн үр дүнгийн тодорхой шалгуур, үзүүлэлтүүдээр гаргадаг байна.

2.3.Чанарын удирдлагын тогтолцоо

Сургуулийн дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нь салбар, нэгж болон багш, ажилтнуудын бие даасан байдал, академик эрх чөлөөг ханган ажиллахад нь дэмжлэг үзүүлж, улмаар сургалтын чанарын баталгааг хангахад чиглэсэн байна.

2.4.Чанарын дотоод үнэлгээ, баталгаажилт

Сургуулийн салбар, нэгж бүр өөрийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах, баталгаажуулах дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоотой, удирдлага болон хүний нөөц, санхүү, материаллаг нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.5.Чанарын хөндлөнгийн үнэлгээ, баталгаажилт

Өөрийн санаачлагаар эрх бүхий, мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл хийлгэдэг байна.

Шалгуур 3. Засаглал, эрх зүйн зохицуулалт

Сургууль нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн бүтэц, зохион байгуулалт, засаглал, эрх зүйн зохицуулалтаар дамжуулан үйл ажиллагааны чанар, үр өгөөжтэй байх нөхцлийг хангадаг байна.

3.1.Зохион байгуулалт

Сургуулийн удирдлагын бүх түвшинд үйл ажиллагааны уялдаа холбоо, эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалт, зохион байгуулалт нь хамт олон болон хувь хүмүүсийн идэвх санаачлагатай, бүтээлч, хариуцлагатай ажиллах нөхцөл, боломжийг хангасан байна.

3.2.Засаглал

Сургуулийн удирдлагын бүх шатанд шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх үйл ажиллагаанд, багш, суралцагчдын шууд болон шууд бусаар оролцох боломж бүрдсэн байна.

3.3.Захиргаа

Сургуулийн захиргаа нь өөрийн хамт олны үндсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд боловсон хүчин, материаллаг болон санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилан, үр ашигтай зарцуулах ажлыг зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилт, чанарыг хариуцан ажилладаг байна.

3.4.Хамтын ажиллагаа

Сургууль нь өөрийн эрхэм зорилго, чиг үүрэгтэй төсөөтэй үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны сүлжээтэй байж өөрийн бүх талын үйл ажиллагаанд дэмжлэг авахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг байна.

3.5.Олон нийтийн байгууллага

Сургуулийн захиргаа нь өөрийн сургууль дээрх олон нийтийн байгууллагуудаар дамжуулан, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, чанарыг үнэлэхэд багш, ажилтан, суралцагчдын оролцоог дэмжин ажиллана.

3.6.Удирдлагын мэдээллийн систем

Сургууль нь орчин үеийн мэдээлэл, харилцааны технологид суурилсан удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлэн үр ашигтай ажиллуулж, байнга боловсронгуй болгон хөгжүүлдэг байна.

3.7.Эрх зүйн зохицуулалт

Сургууль нь нэгж, хамт олон, хувь хүн бүрийн оюуны болон академик эрх чөлөөг хангасан, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн харилцааны хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйд тулгуурласан, боловсрол, сургалтын үйл явцын шинжлэх ухааны үндэслэлтэй хэм хэмжээ, өдөр тутмын үйл ажиллагааны хариуцлага, сахилгын горим, аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг журмыг тогтоон тодорхойлсон эрх зүйн зохицуулалтын тогтолцоог бүрдүүлж мөрдөхийн зэрэгцээ, нээлттэй хянан сайжруулдаг байна.

Шалгуур 4. ХҮНИЙ НӨӨЦ

Сургууль нь өөрийн эрхэм зорилго болон үйл ажиллагааныхаа зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах боловсон хүчин, хүний нөөцийг салбар, нэгж, хөтөлбөр бүрээр төлөвлөн тооцоолж, бүрдүүлэн ажиллахын зэрэгцээ тэдний байнгын хөгжлийг дэмждэг байна.

4.1.Хүний нөөцийн бодлого, зохицуулалт

Сургууль нь өөрийн байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлт, ханган нийлүүлэлт, хөгжлийн талаар баримтлах бодлого, дүрэм, журамтай, түүнийг байнга сайжруулан мөрддөг байна.

4.2.Хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн сан

Сургууль нь хүний нөөцийн бүрдэл, шилжилт хөдөлгөөн, нөөцийн нөхөн хангалтын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, ашигладаг байна.

4.3.Багш, ажилтны хөгжил

Сургууль нь салбар, нэгж, хөтөлбөр бүрээр багш, ажилтны зохистой орон тоо, ур чадварын шаардлагыг тогтоон, нээлттэй сонгон шалгаруулж, ажлын байрандаа хөгжих үйл явцыг дэмждэг байна.

4.4.Багш, ажилтны цалин хөлс, урамшуулал

Багш, ажилтны ажлын нөхцөл, цалин хөлс, урамшуулал, дэмжлэг нь тэдний ажлын гүйцэтгэл, чанарт үндэслэсэн шударга, эрх тэгш, уян хатан хэрэгжих тогтолцоо бүрдсэн байх ба цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгддэг байна.

Шалгуур 5. МАТЕРИАЛЛАГ болон ТЕХНОЛОГИЙН НӨХЦӨЛ

Сургууль нь эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай материаллаг болон технологийн нөхцөлийг хангалттай бүрдүүлж, тасралтгүй сайжруулан бэхжүүлэх бодлого, зохицуулалттай байна.

5.1.Материаллаг нөхцөл

Сургуулийн барилга, байгууламж, хичээлийн анги танхим нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд нийцсэн, хүчин чадал нь сургалтын үйл ажиллагаанд хангалттай хүрэлцээтэй байх ба сурах, сургах үйл явцыг дэмжих орчин бүрдүүлсэн байна.

5.2.Технологийн нөхцөл

5.2.1.Сургалт, судалгааны лаборатори, техник технологийн нөөц, хангамж нь багш суралцагчдын хэрэгцээ, сургалтын хөтөлбөрийн болон эрдэм судлалын ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн байна.

5.2.2.Сургалт, судалгааны тусгай зориулалттай програм хангамжууд, тэдгээрийг ашиглахад хүрэлцээтэй хүчин чадал бүхий компьютер, нэмэлт төхөөрөмжүүдээр хангагдсан байна.

5.2.3.Багш, ажилтан, суралцагчдын мэдээлэл солилцох харилцаа, холбоо, мэдээллийн технологи, түүний аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлсэн байна.

5.3.Номын сан

5.3.1. “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS5742:2007/-ыг хангасан байхын зэрэгцээ олон улсын түвшинд хүрэхийг зорьж ажилладаг байна.

5.3.2.Цахим сан хөмрөгийг байнга нэмэгдүүлэн дижитал номын сангийн шинэ техник,технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж, мэдээллийн эх үүсвэр харилцан солилцдог байна.

5.3.3.Олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт, судалгаандаа ашиглах боломж, нөхцөлийг байнга нэмэгдүүлдэг байна.

5.4.Санхүүгийн нөөц

5.4.1.Сургууль, салбар нь сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагааны чанарыг хангахад хүрэлцээтэй санхүүгийн найдвартай, олон эх үүсвэр, нөөцийг төлөвлөж бүрдүүлдэг байна.

5.4.2.Санхүүгийн тогтвортой байдлыг ханган гэнэтийн үүсэх нөхцөл байдлыг шийдвэрлэх нөөц боломжийг бүрдүүлсэн байна.

5.4.3.Санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн программ хангамж ашиглан, ил тод тайлагнал, мэдээллийн тогтолцоог бүрдүүлсэн байна.

ҮЙЛ ЯВЦ:

Шалгуур 6. Сургалтын хөтөлбөр, шинэчлэл

Сургууль нь үндэсний болон олон улсын зах зээлийн бодит эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцэхүйц боловсролын чанартай үйлчилгээ үзүүлдэг байна.

6.1.Хөтөлбөрийн хороо

Сургууль нь сургалтын хөтөлбөрийг боловсруулах, баталгаажуулах, хэрэгжүүлэх явц, үр дүнг хянах, үнэлэх, чанарыг баталгаажуулах бодлого, эрх зүйн зохицуулалтыг хариуцсан хороодыг байгуулж хөтөлбөрийн багуудын ажлын уялдааг хангаж, удирдан зохион байгуулдаг байна.

6.2.Хөтөлбөрийн зорилго

Сургалтын хөтөлбөрүүд нь суралцагчдыг үндэсний болоод олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, насан туршдаа суралцан хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төлөвших зорилгыг хангах цогц үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байна

6.3.Хөтөлбөрийн агуулга, арга зүй

Сургалтын хөтөлбөрүүдийн агуулга, хэрэгжүүлэх арга зүй нь суралцагчид хувийн онцлог шинж, хэрэгцээ шаардлага, нөхцөл боломждоо нийцүүлэн сонголт хийх бололцоог хангасан олон хувилбартай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.

6.4.Сургалтын технологи

Сургалтын технологи нь суралцагчдын суралцах үйлийг тэдний бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан, сурч боловсрохын зүй тогтлын дагуу зохион байгуулах, бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.

6.5.Сургалтын орчин

Сургалтын орчин нь хөтөлбөрийн явцад багш, суралцагчид мэдээ, мэдээллийн эх сурвалжийг нээлттэй ашиглах, ажил мэргэжлийн ур чадвар эзэмшихэд зайлшгүй шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлдэг байна.

6.6.Хөтөлбөрийн үнэлгээ

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц-үр дүнд суурилсан чанарын үнэлгээг сургуулийн удирдлага, мэргэжлийн баг, багш нар хамтран хийдэг байна.

6.7.Хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажилт

Хэрэгжүүлж буй бүх хөтөлбөртөө тодорхой давтамжтайгаар үечилсэн байдлаар үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулах бодлого, журмыг хэрэгжүүлж, сургалтын үр дүнг жигд, өндөр түвшинд хангах тогтолцоотой байна.

6.8.Сургалтын бусад үйл ажиллагаа

Сургууль нь сургалтын үндсэн хөтөлбөр болон албан буссургалтыг нийгмийн болоод хувь хүмүүсийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан, олон хувилбартай агуулга, арга хэлбэрээр зохион байгуулж, үйлчилгээний хүрээг тэлэхээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг байна.

Шалгуур 7. Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ

Сургууль нь суралцагчдад амжилттай суралцаж, өөрийн хэрэгцээ, сонирхлын дагуу хөгжин төлөвшихөд нь дэмжих орчин нөхцлийг бүрдүүлж, тохирсон үйлчилгээг үр дүнтэй үзүүлдэг байна.

7.1.Суралцагчдад чиглэсэн үйлчилгээний бодлого, зохицуулалт

Суралцагчид өөрийгөө хөгжүүлэх эрэлт хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж, үйлчилгээний хүртээмж, чанарыг байнга сайжруулдаг байна.

7.2.Суралцагч солилцоо

Суралцагчдын төсөл, судалгааны ажилд оролцох, оюутан солилцоонд хамрагдах, тэдний идэвх, санаачлага, оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг системтэйгээр зохион байгуулдаг байна.

7.3.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад чиглэсэн үйлчилгээ

Хөгжлийн бэршээлтэй суралцагчдын суралцах боломж, орчин, нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааг байнга хэрэгжүүлнэ.

7.4.Оюутны байгууллага

Суралцагчдын үүсгэл санаачлагын сайн дурын байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэхэд хамтран ажиллана.

Шалгуур 8. Судалгаа, инноваци

Сургууль нь боловсролын болон шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.

8.1.Судалгааны менежмент

Сургуулийн бүх салбар нэгж, профессорын багууд нь судалгааны ажлын тэргүүлэх чиглэлтэй байж, сургалт-судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэм судлалын ажлыг дэмжих дотоод, гадаад хамтын ажиллагааны тогтолцоотой байна.

8.2.Судалгааны баг

Сургуулийн салбар, нэгж бүрт шинжлэх ухааны тодорхой асуудал, сэдвээр судалгааны багууд ажиллан судлаач багш нарыг үе шаттайгаар бэлтгэдэг байна.

8.3.Судалгааны дэд бүтэц

Сургууль нь сургалт, судалгааны ажлын шинэ үр дүнг үндэсний болоод олон улсын түвшинд сурталчилж, баталгаажуулдаг тогтолцоотой байна.

8.4.Хамтарсан судалгаа, туршилт

Үндэсний болоод гадаад хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан туршилт, судалгааны тодорхой ажлуудыг хэрэгжүүлдэг байна.

8.5.Судалгааны санхүүжилт

Сургуулийн санхүүгийн төлөвлөлтөд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулсан төсвийн хэмжээ тодорхой тусгагдаж, үр дүнг тооцон тайлагнадаг байна.

8.6.Магистр, докторын сургалт

Их, дээд сургууль нь улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарууд, тулгамдсан асуудлууд, ирээдүйн ач холбогдол бүхий салбарын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, магистр ба докторын сургалтыг явуулдаг байна.

Шалгуур 9. Нийгэмд чиглэсэн үйлчилгээ

Сургууль нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чиг үүргээ хэрэгжүүлж, өөрийн нөөц бололцоогоо ашиглан нийгэмд чиглэсэн үйлчилгээг олон төрөл, хэлбэрээр хүргэдэг байна.

9.1.Нийгмийн хариуцлага

Сургуулийнхаа материаллаг болон бусад нөөц, боломжийн давуу тал, өөрийн ажил, үйлчилгээний чиглэлээр нийгэмд шаардлагатай үйлчилгээг дангаар болон бусад байгууллагуудтай хамтран үзүүлдэг тогтолцоотой байна.

9.2.Насан туршийн боловсрол

Төгсөгчид болоод олон нийтийн тасралтгүй боловсролыг дэмжсэн олон төрөл, хэлбэрийн сургалтыг зохион байгуулдаг байна.

9.3.Нийгмийн түншлэл

Сургууль өөрийн чиг үүргийн чиглэлээр ажил олгогч, төгсөгчид, мэргэжлийн байгууллагуудтай түншлэн идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.

9.4.Үйл ажиллагааны ил тод байдал

Сургууль нь өөрийн цахим хуудас, мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд сургууль, салбар, нэгжүүдийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлж, харилцан ойлголцол, итгэл үнэмшлийг бэхжүүлдэг байна.

Үр дүн, үр нөлөө:

Шалгуур 10. Үндэсний болон олон улсын хэмжээнд сургуулийн эзлэх байр суурь

Сургууль нь үйл ажиллагаагаа улс, бүс нутаг, олон улсын түвшинд үнэлүүлж, өөрийн нэр хүнд, байр суурийг ахиулахыг эрмэлзэж ажиллана.

10.1.Үндэсний хэмжээний эрэмбэ

Үндэсний хэмжээний эрэмбэлэлтэд хамрагдсан, эрэмбээ ахиулах стратегитай байна.

10.2.Нэрийн болон брэнд үйлчилгээ, бүтээгдэхүүн

Сургуулийн өвөрмөц өнгө төрх, онцлог талыг хөгжүүлж, бренд үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй байна.

10.3.Өрсөлдөх чадвар

Багш, оюутнууд нь үндэсний хэмжээний ажил, мэргэжлийн уралдаан, шалгаруулалтанд оролцож, амжилт үзүүлдэг байна.

10.4.Гадаад хамтын ажиллагаа, түншлэл

Олон улсын арга хэмжээнд тогтмол оролцохын зэрэгцээ хамтран болон бие даан олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг байна.

10.5.Олон улсын хэмжээний эрэмбэ

Олон улсын эрэмбэлэлтэнд хамрагдсан, эрэмбээ ахиулах ахиулах стратегитай байна.

10.6.Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх

Бүс нутаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эрх бүхий чанарын байгууллага, хөдөлгөөнд гишүүнээр элсэх, батламж, гэрчилгээ авах зэргээр тодорхой шалгуураар ижил түвшинд байгаагаа нотлон харуулдаг байна.

10.7.Төгсөгчдийн амжилт

Ажил, мэргэжлээрээ үндэсний болоод олон улсын түвшинд үнэлэгдэх онцгой бүтээл, амжилт гаргасан төгсөгчдийн бүртгэл, мэдээллийг хөтөлж, нийтийн хүртээл болгодог байна.