​МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХОНГ КОНГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАРГААШ” ЗУНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА


Хонг Конгийн их сургуулийн Боловсролын зуны сургалтын хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээд боловсролын маргааш” сургалтын энэ зуны сургалт 2017 оны 6 дугаар сарын 7᠎-16-ны өдрүүдэд Хонг Конгийн их сургууль http://www.hku.hk/ дээр болж өндөрлөлөө.

Тус сургалт нь 5 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд Азийн орнуудын дээд боловсролын салбарынхан тус сургалтанд оролцон өөрийн улс орны дээд боловсролын тулгамдаж буй асуудал болон үр өгөөжтэй сайн туршлагыг харилцан хуваалцдаг.

Энэ жилийн сургалтанд Монгол, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ, БНСУ, Камбож, Мянмар, Лаос, Вьетнам, Танзани, Камерун, Кени улсын Боловсролын яамны ажилтнууд, их сургуулийн профессор, багш, судлаачид, доктор оюутнууд бүхийн 40 гаруй оролцогчид оролцсон. Монгол улсаас ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Л.Оюунцэцэг, СУИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга М.Амартүвшин, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн салбарын эрхлэгч Д.Түмэнболд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Цацрал, ОТИС-ийн Дэд захирал Ж.Золзаяа нар оролцов.


Тус хурлын үй ажиллагааг нээж Хонг Конгийн их сургуулийн дэд захирал асан, Боловсролын сургуулийн боловсролын бодлогын нэгжийн хүндэт захирал, профессор Кэй Минг Ченг үг хэллээ.

Энэ жилийн сургалтын үндсэн сэдвүүд нь Сурах болон багшлах үйл ажиллагаа (Архитектор, шинжлэх ухаан судлал), судалгаанд суурилсан их сургуулийн судалгааны төгс байдлын хүрээ (REF: research excellence framework)-ий үр нөлөө, инноваци (Инноваци ба аж ахуй эрхлэлт: Зах зээл дахь шилжилт, хөдөлгөөн), хүрээлэн буй орчин (Дэлхийн болон бус нутгийн салхи; Боловсролын өнгө, төрхийг зураглах), засаглал (Их сургуулийн засаглал ба тогтолцоо; Дээд боловсролын байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратеги; Дэлхийн боловсролын хөгжлийн стратегийн шинэчлэл: брэндинг, санхүүжилт, тогтвортой хөгжил ба төрөлжилт, боловсролын үйлчилгээний хүртээмж), хичээлийн үйл ажиллагаа (Анги танхимд явуулах ажил; дээд боловсролын сургалтын технологи), олон улсжилт (Хонконгийн их сургуулийн гадаад бодлого ба түншлэл; Олон улсжилт гэж юу вэ? Олон улсын оюутан байх гэдэг нь юу вэ? зэрэг байсан.

Энэхүү зуны сургалт нь агуулгын хувьд орчин үеийн дээд боловсролын хөгжлийн хандлага, нийгэм-эдийн засгийн орчны нөхцөл байдлын өөрчлөлтүүд, дээд боловсролын байгууллагуудын өмнө тулгарч буй асуудлууд, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлага болон суралцагчдын хүлээлт ба хандлагын өөрчлөлт зэрэг олон талт асуудлыг тусгасан, чухал ач холбогдолтой, ихээхэн үр өгөөжтэй хөтөлбөр боллоо.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургалтын олон төрлийн арга хэлбэрийг ашиглаж байсан нь сургалтанд хамрагдагчдад ихээхэн сонирхолтой, шинэлэг байсны зэрэгцээ заасан зүйлээ бодитойгоор харуулах боломж олгосон. Эдгээрээс зарим шинэлэг арга хэлбэрийг дурьдвал:

  • Сургалтыг явуулахдаа лекц, хэлэлцүүлэг, ярилцлага, мэтгэлцээн зэрэг хэлбэрүүдийг оновчтой хослуулсан.
  • Тодорхой асуудлыг их сургууль дээр хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүнд хүрсэн талаар танилцуулахдаа тухайн асуудлыг хариуцдаг албан тушаалтан ярихаас гадна үр дүнг хүртэгч буюу хэрэглэгчид- оюутан суралцагчдыг татан оролцуулж, тэдний санаа бодол, үнэлэлт, сэтгэл ханамж зэргийг танилцуулах хэлбэрээр зохион байгуулсан.
  • Интернэт ашиглан, оролцогчдын дунд онлайнаар шууд санал асуулга зохион байгуулж, үр дүнг гаргаж танилцуулах зэргээр мэдээллийн технологийн ололтыг өргөнөөр ашигласан.
  • “Problem-based learning”, “Project-based learning”, “Team-based learning”гэх зэрэг сургалтын шинэлэг аргуудын талаар танилцуулсны зэрэгцээ сургалтанд оновчтой ашигласан.
  • Их сургууль болон нийгмийн орчинд танилцах аялал зохион байгуулж, сургалтаар ярьсан асуудлыг бодит байдлаар дээр танилцуулсан: Жишээ нь: Хонг Конгийн их сургуулийн кампус доторх аялал, Урлагийн сургуультай танилцах, оюутны уран бүтээлийг тоглолт үзсэн, Буддын орчин үеийн шинэ маягийн хийд гэх мэт.
  • Дан ганц зохион байгуулагчид, сургагч багш нар ярихаас гадна орон орноос ирсэн оролцогчид туршлагаа харилцан солилцох боломж бүрдүүлсэн.
  • Багш нар тодорхой асуудал, сэдвийг заахдаа бусад профессор, багш болон гадаадаас ирсэн урилгын профессоруудтай хамтран, багаар ажиллаж байсан.

Сургалт 8 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.fe.hku.hk/hesi/ хаягаар орж авна уу.

Сургалтын төгсгөлд оролцогчид баг болон улс орондоо очоод хэрэгжүүлэх “Мэдлэгийн бүтээгдэхүүн” /“Knowledge Product/-ний төсөл боловсруулж, танилцуулах даалгавар авч, ажиллан, төслийн саналуудаа танилцуулсан ба зохион байгуулагчдын зүгээс ментор томилон ажиллуулсан нь өгөөжтэй байлаа.

Зуны сургалтанд оролцсон манай багийн зүгээс “A Single steppe сhange in attitudes” нэртэй “Мэдлэгийн бүтээгдэхүүн” /Knowledge Product/-ний төсөл боловсруулж танилцуулсан нь багш, оролцогчдын сонирхолыг зохих ёсоор татаж, өндөр үнэлгээ авлаа. Энэхүү төслийг:

  • Мэдлэг хуваалцах семинар зохион байгуулах (зуны сургуулиас сурсан зүйл)
  • Туршилтын төслүүд (оюутны үйл ажиллагаа, багш нарын оролцоо, шинэ оюутнуудыг хурдан чиглүүлэх)
  • Хандивлагч профессорыг хөгжүүлэх зэрэг 3 үе шатаар хэрэгжүүлэх юм.

Дээрх төслийн эхний үе шатны ажил болох Мэдлэг хуваалцах семинарыг төлөвлөсөн ёсоор “Ирээдүйн дээд боловсрол” сэдвийн дор 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС дээр зохоин байгуулсан ба уг арга хэмжээнд нийт 11 байгууллагын 40 хүн хамрагдсан болно.

Түүнчлэн дээрх семинарын дараа 2017 оны 6-р сарын 28-нд зохион байгуулсан Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Олон улсын зөвлөхүүдийн хуралд тус багийн гишүүн проф. Л.Оюунцэцэг оролцож, орчин үеийн их сургуулийн хөгжлийн хандлага, судалгааны их сургуулийн хөгжлийн асуудлаар илтгэл тавив.




Энэхүү зуны сургалтанд оролцсоноор монголын багийн хувьд орчин үеийн дээд боловсрол, түүний ирээдүйн чиг хандлага, саад бэрхшээл, ололт амжилт, арга туршлагын талаар 40 гаруй сэдвээр лекц сонсож, бодитоор олон зүйлсийг үзэж, танилцсан нь ихээхэн үр дүнтэй, үр өгөөжтэй боллоо.

Цаашид Монголын их дээд сургууль болон төрийн яамнаас аль болох олон хүнийг уг сургалтанд хамруулахын зэрэгцээ, ирээд сурсан мэдсэн зүйлсээ хуваалцах, түгээх, тодорхой арга туршлага нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг яам болон санхүүжүүлэгчийн зүгээс өгч, хэрэгжилтийн байдалд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, үр дүнг гаргаж, мэдээлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Тайлан мэдээ гаргасан: Ц.Цацрал