Олон улсад магадлан итгэмжлэгдвэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДВЭЛ
ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨНӨ

/Ярилцлага/

"МОНЦАМЭ-мэдээ" 2012.02.09 №28
АНУ-ын Бизнесийн Сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх зөвлөлийн гүйцэтгэх захирал Дуглас Виехландийн "МОНЦАМЭ-мэдээ" сонинд өгсөн ярилцлага.

 - Манай их, дээд сургуулиудын сургалтын чанар муу гэж нэлэнхүйдээ ярьдаг. Танай байгууллагаар манай зарим сургууль магадлан итгэмжлүүлснээрээ ямар ахиц дэвшил гарах вэ?

Бид Монгол Улсад уул уурхай, газрын тосны баялгийн чиглэлээр маш их төсөл хэрэгжиж байгаа гэдгийг мэдэж байгаа. Тэгээд тухайн төслүүд нь Монгол Улсад хэрэгжихдээ Монгол Улсад дээд боловсрол эзэмшсэн бизнес эдийн засгийн мэргэжилтнүүдийг ажилд авах сонирхолтой байдаг. Тэгэхээр тухайн мэргэжлээр оюутнуудыг төгсгөн гаргаж байгаа их сургуулиуд дэлхийн стандартаар оюутнаа сургаж байгааг илтгэн харуулах давуу талтай. Гадаад улсаас Монголд хэрэгжиж байгаа төслүүд маань тухайн стандарт шалгуурыг даван биелүүлэн хангасан мэргэжилтнүүдийг авч ажиллуулах дуртай байдаг. Энэ бол чанартай сургалтын ашиг тус гэж ойлгох хэрэгтэй.

 - Танай байгууллагын чанартай сайн гэдгийг юугаар батлах вэ?

 АНУ-ын бүх магадлан итгэмжлэл хийдэг байгууллагуудыг хүлээн зөвшөөрч, зөвшөөрлийг нь олгодог “CHEA” байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн. 2001 онд зөвшөөрлөө авсан. Дэлхий даяар 1100 их, дээд сургууль магадлан итгэмжлүүлэхээр тайлангаа өгсөн. Түүнээс 550 их, дээд сургууль магадлан итгэмжлэлээ албан ёсоор авсан.

- Магадлан итгэмжлүүлээгүй мөртлөө үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургууль манайд олон байдаг. Америкт магадлан итгэмжлүүлээгүй их, дээд сургуулиуд хэр байдаг вэ, Тэд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг уу?

  Магадлан итгэмжлэгдээгүй мөртлөө үйл ажиллагаагаа хэвийн чанартай явуулдаг сургуулиуд байдаг. Тэд чанараа хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлээгүй л байгаа юм. Магадлан итгэмжлэлийн гол зорилго нь чанарыг үнэлэх процесс байдаг. СЭЗДС тайлангаа хүргүүлсэн. МУИС-ийн ЭЗС энэ оны төгсгөлөөр тайлангаа өргөн барихаар эрчимтэй ажиллаж байна. Хичнээн магадлан итгэмжлэгдсэн ч гэсэн сургалтын чанарыг тогтмол сайжруулахын тулд манай байгууллагатай байнга хамтарч ажиллаж стандарт шалгуураар байнга ордог байх учиртай.

- Магадлан итгэмжлэхэд ямар төлбөр авдаг вэ?

  Төлбөртэй. Гэхдээ бид улс орны онцлог, сургуулиуддаа тохируулаад үнэ ханшийг боломжийн байлгахыг эрмэлздэг.

- Манай магадлан итгэмжлэлээр орох гэж байгаа сургуулиуд танайд ямар үнэ төлөх вэ?

  10 сургууль нэгдэж нэг групп болж байгаад магадлан итгэмжлэл хийлгэх гэж байгаа гэсэн. Нэг сургууль ганцаараа байснаас олуулаа нийлж хийлгэвэл хямдралтай байх болов уу. Тухайн сургуулиудын зардал нь 10 мянган доллараас бага тусах байх. 3 жилийн хугацаанд гарах зардал шүү дээ.