ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ 7, ДОТООДОД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ 20 ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАМЖИЛЛАА

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/166 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлэгдэх долоон сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийн нэрсийг баталсан.

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРҮҮД:

  1. Монгол Улсын Их Сургуулийн “Хими”
  2. Монгол Улсын Их Сургуулийн “Програм хангамж”
  3. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Хүний их эмч”
  4. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Геодези”
  5. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Цахилгаан холбоо”
  6. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн “Инженер механик”
  7. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багш, математикийн боловсрол”

Эдгээр долоон хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын хөтөлбөрийн чанарт ахиц гарахаас гадна төрийн өмчийн томоохон их дээд сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын туршлагатай болох юм.

ДОТООДОД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРҮҮД:

Монгол Улсын Их Сургууль

  1. Биологи
  2. Геологи
  3. Физик
  4. Математик
  5. Газар зүй
  6. Биотехнологи
  7. Газар зохион байгуулалт
  8. Экологи
  9. Мэдээллийн технологи
  10. Компьютерийн сүлжээ
  11. Электрон системийн автоматжуулалт

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

  1. Архитектур
  2. Оёдлын үйлдвэрийн технологи
  3. Үйлдвэрийн экологи
  4. Шим тэжээл судлал

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

  1. Бараа түүхий эдийн судлал, технологи
  2. Зоо инженер технологи
  3. Байгаль орчныг хамгаалах технологи
  4. Агрономи

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

  1. Багш, бага ангийн боловсрол

Дотоодод магадлан итгэмжлэгдэх гэж буй 20 сургалтын хөтөлбөрийн хувьд олон улсын жишигт нийцсэн шинэ шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэгдэх хамгийн анхны сургалтын хөтөлбөрүүд болно.

Дээрх сургалтын хөтөлбөрүүдийг батламжилж, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгөх арга хэмжээ 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Тус арга хэмжээнд БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Батмагнай, АХБ-ны монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зохицуулагч Т.Сувдмаа, Дээд боловсролын мэргэжилтэн Д.Ганбат, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд болон МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэгч багийнхан оролцлоо.

Арга хэмжээг нээж БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ:

“Тэргүүлэх 3 чиглэлийн нэр бүхий 27 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд зориулж нийт 699,755,967 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэж, өнөөдөр баталамжилж байгаа нь та бүхэнд өндөр үүрэг хариуцлага ноогдож байгааг илтгэж байна.

Олон улсад магадлан итгэмжлүүлэх 7, дотоодод магадлан итгэмжлүүлэх 20 сургалтын хөтөлбөр нь цаашид магадлан итгэмжлэлд хамрагдах олон сургалтын хөтөлбөрийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна.” гэсэн юм.

Үүний дараа Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Robert Shoellhammer Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар мэдээллийг өгч, АХБ-ны суурин төлөөлчөгчийн ажлаа өгч байгаагаа мэдэгдэн, шинэ төлөөлөгч Yolanda Fernandez-ыг танилцуулав.

МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ Боловсролын тухай багц хуулинд орсон магадлан итгэмжлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэлээ:

“Боловсролын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдаж их дээд сургуулиудын өмнө шинэ боломж бололцоо нээгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Боловсролын тухай багц хуулинд өөрчлөлт орсоноор Боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн хувьд ч олон шинэ чиг үүргүүд нэмэгдэж статус эрхзүйн байдал нь улам тод тусгагдсан. Их дээд сургуулиуд байгууллагын магадлан итгэмжлэлд заавал хамрагдах талаар “Дээд боловсролын тухай” хуульд тусгагдсан, шинээр хөтөлбөр нээх, их дээд сургуулийн ангилал тогтооход Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн санал дүгнэлтийг харгалзан үздэг болсон зэргийг дуулгахад таатай байна.

БМИҮЗ-ийн дэд дарга Х. Батсайхан: Олон улсад болон дотоодод магадлан итгэмжлэгдэх 27 сургалтын хөтөлбөр нь жил гаруйн өмнө батлагдсан хэдий ч АШУҮИС-ийн “Хүний их эмч” хөтөлбөр нь олон улсад магадлан итгэмжлэгдэх үйл ажиллагааг анхлан эхлүүлж, 2016 оны 6 сард шинжээчид хүрэлцэн ирж ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ.




Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 72 сургалтын байгууллага, 211 сургалтын хөтөлбөр, олон улсын байгууллагаар 15 сургалтын хөтөлбөр тус тус магадлан итгэмжлэгдээд байна. /Жагсаалтыг www.accmon.mn цахим хуудсаар орж үзнэ үү./

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид магадлан итгэмжлэгдсэн сургууль, сургалтын хөтөлбөрийг сонгон суралцсанаар үндэсний болон, олон улсын тэтгэлэгт хамрагдах, боловсролоо ахиулан суралцахад өмнөх боловсрол хүлээн зөвшөөрөгдөх, Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших зэрэг олон давуу талтай.

Та энд дарж БМИҮЗ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар зочлон олон улсад болон дотоодод магадлан итгэмжлэгдэх 27 хөтөлбөрийн батламж гардан авсан фото мэдээлэлтэй танилцана уу.