​ОЛОН УЛСЫН “БИЗНЕС ЗАГВАРЧЛАЛ”-ЫН УРАЛДААНД МУИС, ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ, МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛОЦОЖ ЦОМ, СЕРТИФИКАТАА БСШУС-ЫН САЙД Ж.БАТСУУРИАС ГАРДАН АВЛАА


АНУ-ын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл(ACBSP)-тэй Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Тус байгууллагын 8-р бүсийн их сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” буюу бизнес загварчлалын олон улсын тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод 8-р бүсэд багтах 5 улсын 10 их сургуулийн оюутнуудын багийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 4-26-ны хооронд зохион байгуулагдлаа.

Адил гараанаас эхэлж өрсөлдсөн, сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУИС, ОТИС, Мандах бүртгэл дээд сургуулийн баг оролцсоноос ОТИС-ийн баг Дэд байр, МУИС-ийн баг гуравдугаар байр, Мандах бүртгэл дээд сургуулийн баг шагналт дөрөвдүгээр байрыг тус тус эзэлжээ.

Арабын Нэгдсэн Эмират, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц зэрэг улсуудын их сургуулиудын 10 баг тэмцээний 8 үеийн туршид гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөнд нийцүүлэн дараах цогц асуудлуудын хүрээнд шийдвэр гаргаж оролцсон. Үүнд:

  • Гар утасны зах зээлийн эрэлтийг АНУ, Европ, Азийн зах зээлүүдэд хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах
  • R&D – судалгаа, хөгжүүлэлтийг хийх
  • Үйлдвэрлэлээ төлөвлөх, үлдэгдэл, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх
  • Зах зээлийн судалгаа хийх, шийдвэр гаргах
  • Ложистикийн шийдлээ тодорхойлох
  • Татварын өөрчлөлтөнд нийцүүлэн шийдвэр гаргах
  • Санхүүгийн эх үүсвэрээ удирдах гэсэн үндсэн хэсгүүд багтана.

Энэхүү тэмцээн нь цаашид ч уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд МУ-ын их дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд дэлхийн жишигт өрсөлдөхүйц мэдлэг, чадвар эзэмшиж буйг илтгэх нэг жишээ байлаа.

Эдгээр сургуулиудын удирдлагууд болон оюутнуудад БСШУС-ын Сайд Ж.Батсуурь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд ACBSP байгууллагын Цом, сертификатыг гардуулан өглөө.


ОТИС-ийн Дэд байрын цом болон сертификатыг захирал Н.Энхзаяа, багаа удирдсан багш Э.Ганбат, Багийн гишүүн Э.Ундраа, Э.Уянга, Н.Намуунтөгс, Э.Ганбаяр, Э.Энхзаяа, М.Мөнхжин нарт МУИС-ийн Гуравдугаар байрын цом болон сертификатыг захирал Ц.Болормаа, багаа удирдсан багш Ж.Сарантуяа, багийн гишүүн Б.Төрбадрах, Г.Мөнх, Д.Төгөлдөр, Т.Баярмаа, Б.Оюун-Эрдэнэ нарт, Мандах бүртгэл дээд сургуулийн шагналт дөрөв дүгээр байрын сертификатыг багаа удирдсан багш Б.Баатарцогт, багийн гишүүн О.Золзаяа, М.Пүрэвжаргал, Б.Хонгорзул, Б.Наранчимэг, Х.Дөлгөөн, Д.Баярцэнгэл нарт тус тус гардуулан өглөө.


Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.