ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 1998 онд Гэгээрлийн сайдын 24 дүгээр тоот тушаалаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд БМИҮЗ нь чанарын баталгаажууллын хамгийн том сүлжээ байгууллага болох Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/ -нд жинхэнэ гишүүнээр 1999 онд элссэн бөгөөд мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудын Чанарын Сүлжээ (The Asia Pacific Quality Network) –ийн жинхэнэ гишүүнд 2005 онд, Олон улсын чанарын групп (CIQG)-ийн гишүүн байгууллагаар 2013 онд тус тус элссэн. Мөн 2005 оны 12 дугаар сард APACC буюу Ази, Номхон далайн бүсийн Магадлан итгэмжлэл ба Батламжлалын Комисстой хамтран ажиллах санамж бичигт анх удаа гарын үсэг зурснаас хойш одоог хүртэл идэвхтэй хамтран ажиллаж, 4 мэргэжлийн боловсролын сургуулийг магадлан итгэмжлүүлээд байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагууд зэрэг олгох мэргэжлийн хөтөлбөрүүдээ олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх хандлага нэмэгдсэнтэй холбогдуулан Боловсролын тухай багц хуулинд тодорхой заалтууд орсон. Мөн энэхүү хуулийн өөрчлөлтэй нийцүүлэн БМИҮЗ-ийн дүрэм, журамд холбогдох заалтууд орсон. Үүнд:

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

26.5. Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна.

26.8. Монгол улсад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах гадаадын байгууллагыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл бүртгэж, зөвшөөрөл олгоно.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

1.3.в. Үндэсний болон гадаадын чанарын баталгаажууллын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах

2.1.в. Хөтөлбөрийг магадланитгэмжлэх байгууллагыг хүлээн зөвшөөрөх, үүнд: үндэсний болон олон улсын чанарын баталгаажууллын байгууллага, мэргэжлийн холбоодоос шилдгийг нь сонгож үндэсний бүртгэлд оруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь албажуулах

7.1.1.а Үндэсний зөвлөлийн бүртгэлд бүртгэгдсэн гадаадын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага хүндэт гишүүнээр элсэнэ.

Дээрх хууль, журмын заалтын дагуу Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь Монгол улсын ДБСБ-ын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх санаачлагыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд тухайн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийх олон улсын байгууллагыг судлан үзсэний үндсэн дээр хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг байгуулан, мэдээлж байна.

БМИҮЗ 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-тэй хамтын ажиллагааны гэрээг байгуулсан ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын 9 сургууль магадлан итгэмжлэгдэж, 11 сургууль нэр дэвшигч гишүүн сургуулийн статустай, магадлан итгэмжлэлд бэлтгэж байна.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд:

  • СЭЗДС
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
  • Этүгэн дээд сургууль
  • Мандах бүртгэл дээд сургууль
  • Сан дээд сургууль
  • ХААИС-ийн Эдийн засгийн сургууль
  • Сэрүүлэг
  • Идэр Дээд сургууль

Мөн ХБНГУ-ын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг / ASIIN e.V./ -тай 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хүрээнд ШУТИС-ийн ЭХИС-ийн “ЦАХИЛГААН ХАНГАМЖ” хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн “ЕРӨНХИЙ МЭРГЭЖЛИЙН АНАГААХ УХААН” хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байна. Мөн дээрх төслийн хүрээнд МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС-ийн хэд хэдэн мэргэжлийн хөтөлбөрүүд ABET, CAEP, ASIIN зэрэг байгууллагуудаар магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.

БМИҮЗ нь Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх байгууллагыг бүртгэж, эрх олгохдоо дараах зарчмыг баримтлаж байна. Үүнд:

  • Тухайн улсын эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн байх
  • Олон улсын болон бүс нутгийн чанарын баталгаажууллын сүлжээ байгууллагуудын гишүүн байх /INQAAHE, APQN, ENQA г.м./
  • Тухайн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиглэлээр олон улсад ажилласан туршлагатай байх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзаж байна.

БМИҮЗ нь дээрх зарчмыг баримтлан АНУ-ын Инженер, технологийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ABET/, Багш бэлтгэх хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл /CAEP/ - үүдтэй хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна.

БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагыг бүртгэх, бүртгэлээс хасах тухай журам батлагдан гарах болно.