Холбоо барих


APACC-ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


Монгол улс 2005 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийн Засгийн газар хоорондын байгууллагын гишүүн болж (CPSC -Ази, номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги APACC – Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс), БМИҮЗ, APACC-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу дараах сургуулиуд магадлан итгэмжлэгдэж гэрчилгээ гардан авсан.

  1. ШУТИС-ийн Улаанбаатар дахь Политехник коллеж /хуучнаар Барилгын коллеж/ 2009 онд хүрэл медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. 2012 онд хүрэл медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
  2. Технологийн дээд сургууль /хуучнаар Хүнсний технологийн коллеж/ 2011 онд хүрэл медалийн болзол хангаж, мөн 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. 2013 онд 3 дахь удаагийн магадлан итгэмжлэлдээ орсон бөгөөд АРАСС-ийн шинжээчид 2013 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд ажилласан. Ийнхүү 2013 онд тус сургууль нь мөнгөн медалийн болзол хангаж, 3 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
  3. ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль 2012 онд мөнгөн медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
  4. Техник технологийн дээд сургууль 2012 онд мөнгөн медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн


ACBSP - ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


2008 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) -тэй анх ажил хэргийн холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 25-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнгөрсөн хугацаанд бид тус зөвлөлтэй хамтран хэд хэдэн сургалтыг амжилттай зохион байгуулж, ACBSP-ийн жил бүрийн хуралд манай дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцож ирсэн. 2010 оны 6 дугаар сард болсон Санхүү эдийн засгийн дээд сургууль ACBSP –ийн жилийн нэгдсэн хуралдаанаас “Нэр дэвшигч сургууль"- ийн гэрчилгээг гардаж авч, магадлан итгэмжлэл хийлгэх үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар СЭЗДС, МУИС-ийн Эдийн засгийн сургууль магадлан итгэмжлэгдээд байна. 2013 оны 10 дугаар сард ШУТИС-ийн КТМС дээр ACBSP-ийн шинжээчид ажиллаж дүгнэлтээ гаргасан.


АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн:


1. Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2012 оны 6 сард/


2. МУИС-ийн Эдийн засгийн сургууль /2013 оны 6 сард/


3. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль /2013 оны 11 сард/


4. "Мандах бүртгэл" дээд сургууль /2014 оны 6 сард/

5. "Сан" дээд сургууль /2014 оны 6 сард/

6. "Этүгэн" их сургууль /2014 оны 6 сард/

7. ХААИС –ийн Эдийн засаг бизнесийн сургууль /2014 оны 11 сард/

8. "Сэрүүлэг" дээд сургууль /2014 оны 11 сард/

9. "Идэр" дээд сургууль /2014 оны 11 сард/

10. Эдийн засгийн үндэсний дээд сургууль /2017 оны 6 сард/

11. Отгонтэнгэр их сургууль /2017 оны 6 сард/

12. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургууль /2017 оны 6 сард/

13. Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль /2017 оны 6 сард/


ACBSP-ээр магадлан итггэмжлүүлэхээр хүсэлт гарган ажиллаж байгаа нэр дэвшигчийн статустай сургуулиудын нэрс:


1. Монголын үндэсний их сургууль

2. “Их засаг" их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургууль

3. “Монгол бизнес" дээд сургууль

4. “Засагт хан" дээд сургууль

5. “Тэнгэр" дээд сургууль

6. “Эм Ай Ю" дээд сургууль

7. “Зохиомж" дээд сургууль

8. “Цэцээ гүн" дээд сургууль


AMEWPR –ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


ЭМШИУС-ийн Анагаах ухааны сургуулийн “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан" бакалаврын хөтөлбөрт 2011 оны 10 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд Номхон Далайн Баруун Бүсийн Орнуудын Анагаахын Боловсролын Холбооноос хөндлөнгийн үнэлгээ хийж, улмаар 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдөр магадлан итгэмжилж, гэрчилгээ олгов.


ASIIN – ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ


Герман улсын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага ASIIN e.V.–(Accreditation Agency for Degree Programmes in Engineering, Informatics, the Natural Sciences and Mathematics ) нь Монгол улсын инженерийн чиглэлийн дээд боловсрол олгож байгаа хөтөлбөрүүдээс анх удаа ШУТИС-ийн ЭХИС-ийн “ЦАХИЛГААН ХАНГАМЖ" мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр ASIIN-аас сонгогдсон 5 доктор, профессор шинжээчдээс бүрдсэн магадлан итгэмжлэх баг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ШУТИС дээр ажилласан.

2015 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөр Герман улсын ASIIN болон Европын холбооны EUR-ACE (Framework Standards for the Accreditation of Engineering Programmes)-аар магадлан итгэмжлэгдэв.


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн "Хүний их эмч" хөтөлбөр нь АХБ-ны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрүүдээс анхдагч нь болж, Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./ байгууллагаар магадлан итгэмжлэгдлээ. ХБНГУ-ын ASIIN e.V байгууллагын Анагаахын баг бүрэлдэхүүн 2016 оны 6 дугаар сарын 14-17ны хооронд Монголд ирж Анагаах Ухааны Сургуулийн Хүний Их Эмчийн Баклаврын хөтөлбөрт магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийж, сургууль дээр ажилласан. Ийнхүү 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ASIIN e.V байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар АШУҮИС-ийн "Хүний их эмч" бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх шийдвэр нь гарч, албан ёсоор сертификатаа гардан авсан.

ШУТИС-ийн “Геодези” хөтөлбөр дээр ASIIN e.V. байгууллагын шинжээчийн баг 2016 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд ажиллаж, улмаар 2016 оны 12 дугаар сард болсон Удирдах зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэгдсэн. Тус хөтөлбөр нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэж буй 7 хөтөлбөрийн нэг юм.