​Улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 10 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг БМИҮЗ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 10 тоот тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр БМИҮЗ-ийн ажлын албанд ирж, ажил байдалтай танилцлаа. Энэхүү ажлын хэсгийн зорилго нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилт, төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гарган, Байнгын хороонд танилцуулах юм.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраа ахлан, УИХ-ын гишүүн Б.Цогзолмаа, Н.Учрал, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, мэргэжилтэн Б.Сарантуяа, НИТХ-ын Олонхийн бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа, МУБИС-ийн Физикийн тэнхмийн эрхлэгч Я.Мөнхсайхан болон МУИС-ийн ХШУИС-ийн дэд проессор, доктор Ч.Лодойравсал нар хүрэлцэн ирлээ.


БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан 2016-2020 оны Дээд боловсролын бодлогын чиг хандлага, үйл ажиллагааны талаар, БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Болормаа, мэргэжилтэн Б.Эрдэнэбат нар БМИҮЗ-ийн үйл ажиллагаа, эрх зүйн байдал, хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт саналаа тус тус танилцууллаа.

Ажлын хэсгийн гишүүд цаашид чанарын хяналтын тогтолцоог хэрхэн төгөлдөржүүлэх, их дээд сургуулиудад дотоод хяналт үнэлгээний нэгж байгуулах, хяналт мониторингийн тогтолцооны давхцалыг арилгах, олон улсын жишигт нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог дээд болон мэргэжлийн боловсролын салбарт нэвтрүүлэх, их дээд сургуулиудын чанарын амжилт ахицыг үнэлэх, багшийн хөгжлийг дэмжих зэрэг чухал асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгээс үр дүнд суурилсан чанартай боловсролын тогтолцоог нэвтрүүлэхийн тулд юун түрүүнд салбарын хэмжээнд системийн шинжилгээ хийх хэрэгтэйг чухалчлав. Мөн олон улсын жишигт нийцсэн үндэсний онцлогийг тусгасан чанарын удирдлагын тогтолцоог төлөвшүүлэн улмаар их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх чанарын хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгож хууль тогтоомжид тусгах асуудлаар санал нэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

Ажлын хэсгийн гишүүд Боловсролын тухай болон бусад хууль тогтоомжид магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, БМИҮЗ-ийн чиг үүрэг, статусыг оновчтой тусгахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өгөв.