ХБНГУ-ын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./ -аар АШУҮИС-ийн "Хүний их эмч" хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ


Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/166 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлэгдэх долоон сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийн нэрсийг баталсан.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн "Хүний их эмч" хөтөлбөр нь АХБ-ны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрүүдээс анхдагч нь болж, Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./ байгууллагаар магадлан итгэмжлэгдлээ. ХБНГУ-ын ASIIN e.V байгууллагын Анагаахын баг бүрэлдэхүүн 2016 оны 6 дугаар сарын 14-17ны хооронд Монголд ирж Анагаах Ухааны Сургуулийн Хүний Их Эмчийн Баклаврын хөтөлбөрт магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийж, сургууль дээр ажилласан. Ийнхүү 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ASIIN e.V байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар АШУҮИС-ийн "Хүний их эмч" бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх шийдвэр нь гарч, албан ёсоор сертификатаа гардан авсан.

ASIIN e.V байгууллага нь БМИҮЗ-тэй "Ижилсэх түншлэл хөтөлбөр буюу TWINNING PROJECT"-ийг 2016 оны 6 дугаар сарын 23-нд Ижилсэх түншлэл хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлж, 1 жил 6 сарын хугацаанд хамтарч ажиллахаар болсон олон улсын нэр хүндтэй байгууллага юм.

Ижилсэх түншлэл хөтөлбөрийн гол зорилго нь Ижилсэх түншлэл байгууллагууд нь мэдлэг туршлага солилцон, урт хугацаанд тууштай хамтран ажиллах замаар Монгол улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чадавхийг тасралтгүй, тогтвортой бэхжүүлэх юм.