​ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль сахиулахын их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, Хууль сахиулахын их сургуулийн үе үеийн захирлууд, ахмад багш нар, Их сургуулийн захирал, захирлын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцов.

Их сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнч шударгаар хамгаалах мэргэжлийн болон иргэний өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай, төрийн тусгай албаны шилмэл бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх ажлыг эрхэм зорилгоо болгосон Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, албан хаагч, суралцагчид Та бүхэндээ хичээлийн шинэ байрныхаа нээлтийг хийж буй энэ баярт өдрийн мэндийг хүргэе.

Хууль сахиулахын их сургууль нь хууль сахиулах салбарын болон онцгой байдлын албаны хүний нөөцийг мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр бэлтгэж ирсэн баялаг туршлагатай, бахархам түүхтэй Монгол Улсын ууган сургуулиудын нэг билээ.

Тус Их сургуулийг төрөөс хууль сахиулах салбарын инновацийн хөгжлийг тодорхойлон хэрэгжүүлэх үндэсний хэмжээний Их сургууль болгон өргөжүүлэн, хөгжүүлэх бодлого баримтлаж байна.

Төрийн бодлого шийдвэрийг ажил хэрэг болгож өнөөгийн Хууль сахиулахын их сургууль болж өргөжихөд тус Их сургуулийн үе үеийн удирдлагын хичээл зүтгэл их байсныг энд онцлон тэмдэглэх байна.

Улс орны эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байгаа ч Та бүхний ажиллах, суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр чамлахааргүй их бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсний нэг нь энэ барилга байгууламж билээ.

Та бүхэн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах бодлогыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, бүтээн туурвихуйн их хүрээлэн болсон энэ сайхан цогцолборт хууль, шударга ёсны гал голомт ашид мандан бадрах болтугай.

Хууль сахиулахын их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, суралцагчид Та бүхэнд дахин баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Мөн энэхүү ёслолын арга хэмжээнд зориулан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нар үг хэлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүссэн юм.

Дотоодыг хамгаалах газрын “Төв” сургууль нэртэйгээр анх 1934 онд байгуулагдсанаас хойш Хууль сахиулахын их сургууль нь цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын байгууллагад 19 мянга орчим дээд боловсролтой эрх зүйч, 39 мянга гаруй мэргэжлийн албан хаагч /сэргийлэгч, цагдаа, цагдаа жолооч, хилчин, харуулын дарга, шалгагч, хянагч, аврагч, шүхэрчин/-ийг бэлтгэсэн.

Монгол Улсын Их хурал, Засгийн газраас Их сургуулийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг ханган цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч, тодорхой бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын сайн менежмент, дэмжлэг оролцоотойгоор хийж гүйцэтгэсэн ажлын нэг нь Хууль сахиулахын их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн шинэ байр юм.

Хууль сахиулахын их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 40 гаруй мянган мкв талбай бүхий 3000 сонсогчийн хичээлийн төв байрыг ашиглалтад орууллаа. Тус байрны онцлог нь 3000 сонсогч зэрэг хичээлэх анги танхим, 680 хүний суудалтай Соёлын төв, 500 хүний суудалтай номын сан, 400 хүний суудалтай зоогийн газар, давхар бүртээ 90-100 хүний суудалтай 3-4 лекцийн заал, төрөл мэргэжлийн албаны сургалт, дадлагын лабораториудтай. Тухайлбал, гал унтраах болон шүхрийн танхим, галын машин хэрэгсэл ажиллуулах лаборатори, шүүх шинжилгээний лаборатори, хэргийн газар үзлэг хийх өрөө тасалгаануудыг тохижуулан сургалт дадлагын үйл ажиллагааг явуулж байна.

Шинэ цогцолбор байрны номын сан нь эрдэм шинжилгээний номын сан, гэрээр ном олгох номын фонд, чөлөөт сонголтын үйлчилгээ бүхий уншлагын 280 суудалтай 3 танхимтайгаар сонсогч, суралцагчдад үйлчилж байна.

Их сургуулийг олон улсын жишигт нийцсэн иж бүрэн кампус хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, сургалтыг орчин нөхцөлийг бүрдүүлэх материаллаг баазтай байхаар төлөвлөн 850 сонсогчийн дотуур байрыг ашиглалтад оруулсан үйл ажиллагаа явуулж байна.

Мөн хичээлийн төв байрны доод хэсэгт 85 м урттай 8 м өргөнтөй буудлагын тийрийг шинээр хийж, тохижуулсан. Буудлагын тийрийг стандартын дагуу давхар модон хана болон гантай 2,5 мм лист төмрөөр доторлож аюулгүйн байдлыг хангасан. Мөн дотроо 5 бай өлгөх гүйдэг цахилгаан зам бүхий тоног төхөөрөмжийг хийж суурилуулан буудлагын 5 кабин, буу тусгалд оруулах 1 кабинтай тохижуулан, 10-85 метрт буудах 6 ш заагттайгаар хийж тус бүрт нь камерын системд холбон камержуулсан. Тус буудлагын тийрийг тохижуулснаар хичээл сургалт явуулах, тэмцээн уралдаан зохион байгуулахад чухал ач холбогдолтойгоос гадна буудлагын секц дугуйлан хичээллүүлэх бололцоо нээгдэж байгаа юм.

Их сургуулийн бие бүрэлдэхүүн болон сонсогч, суралцагчдын танин мэдэхүй, оюуны хэрэгцээг хангах, үе үеийн төгсөгчдийн алдар гавьяа, түүхэн замналаар бахархах, тэднээс суралцах боломжийг олгох, биет болон биет бус өвийг хадгалах, баяжуулах, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор музейг шинээр тохижуулан үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү ХСИС-ийг хотхон хэлбэрээр хөгжүүлснээр хууль сахиулах байгууллагад ажиллах мэргэжлийн албан хаагчдын суралцах орчин, материаллаг баазын хувьд хангалттай бүрдэж байгаа юм.