ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ /СУРГАЛТЫН МАТЕРИАЛ ТАТАХ/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төсөл болон БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2018 оны 4 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт 3 өдрийн сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан сургалтыг нээн үг хэлэхдээ “Манай улсын их, дээд сургуулиудын чанарын баталгаажуулалтын систем нь заавал байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна гэж заадаг. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 97 их, дээд сургуулиас 67 сургуулийн 203 хөтөлбөр дотооддоо магадлан итгэмжлэгдээд байна. Харин олон улсад гэвэл ердөө 19 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд буй. Тиймээс илүү олон сургууль, илүү олон хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхийн тулд сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, чанарын шаардлага хангах зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрэх юм. Үүний тулд дотооддоо багш нарт чанарын үйл ажиллагааны механизмыг ойлгуулах арга, аргачлалыг сургах ёстой. Энэ зорилгоор ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгийн мэргэжилтнийг урьж ирүүлээд байна” гэв.

Чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий уг сургалтад энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Микаела Мартин Монгол Улсад хүрэлцэн ирж оролцов.

Тэрээр чанарын дотоод баталгаажуулалтын шилдэг туршлага, хөндлөнгийн магадлан итгэмжлэл, чанарын дотоод баталгаажуулалтыг багшлахуй, суралцахуйг сайжруулахад ашиглах, чанарын дотоод баталгаажуулалтаар төгсөгчдийн ажил эрхлэлтийг дээшлүүлэх зэрэг асуудлаар илтгэл, мэдээлэл хийж, ЮНЕСКО-ийн чанарын дотоод баталгаажуулалтаар хийсэн судалгааг танилцуулсан байна.

Сургалтад их, дээд сургуулийн 200 гаруй багш, эрдэмтэн, судлаачид оролцов.

Сургалтын материалууд:

1. ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Микаела Мартин:

Module 1. Foundations of IQA: purposes, definitions and expectations

Module 2. IQA for the enhancement of teaching and learning

Module 3. IQA and employability

Module 4. Good principles in implementing an effective IQA system

2. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн менежер Ж.Тунгалаг:

Дээд боловсролын чанарын баталгаажуулалт (ЧХБ ба ЧДБ-ын уялдаа, хамаарал)

3. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн зохицуулагч Э.Саруул:

Монгол дахь хөндлөнгийн чанарын баталгаажууллын хөгжил

4. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Батжаргал:

Хөтөлбөрийн шинэчлэл чанар, үр дүн, шийдэл