ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ



Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Чанарын дотоод баталгаажуулалт” цуврал цахим сургалт 05 дугаар сарын 19,20-нд 300 оролцогчтойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын эхний өдөр Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын сүлжээ (INQAAHE)-ний ерөнхийлөгч, доктор Сузанна Караханян “Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаанд чанарын дотоод баталгаажуулалтыг хангах нь”сэдвээр, Тайванийн дээд боловсролын үнэлгээ, магадлан итгэмжлэх зөвлөлийн захирал, Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын сүлжээ (INQAAHE)-ний удирдах зөвлөлийн гишүүн Анжела Юн Чи Хоу “Тайванийн чанарын дотоод баталгаажуулалтын сайн туршлага” сэдвээр, ОХУ-ын AККОРК магадлан итгэмжлэлийн байгууллагын захирал, Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын сүлжээ (INQAAHE) болон Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ (APQN)-ний Удирдах зөвлөлийн гишүүн Эрика Соболева “Оросын Холбооны Улсын чанарын дотоод баталгаажуулалтын сайн туршлага” сэдвээр тус тус илтгэж, оролцогчдын асуултад хариулсан юм. Сургалтын хоёр дахь өдөр МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн академик чиглэл хариуцсан дэд захирал С.Эрдэнэтуул нар өөрсдийн сургуулийн дотоод чанарын баталгаажуулалтын сайн туршлагыг хуваалцаж асуултад хариулав. Мөн, дээд боловсрол судлаач Г.Орхон олон улсын сайн туршлага болон докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын талаар илтгэл хэлэлцүүллээ. Хоёр өдрийн сургалтад Улаанбаатар хотын их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллөөс гадна Ховд, Дархан-Уул, Төв, Дорнод, Эрдэнэт зэрэг орон нутгаас багш, мэргэжилтнүүд хамрагдав.