Чанарын дотоод баталгаажуулалт-1 Шинжээч оюутан

БМИҮЗ-ийн ажлын албанаас зохион явуулсан “Шинжээч оюутан” бэлтгэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн 405 тоотод зохион байгууллаа. Сургалтад 20 их, дээд сургуулийн 45 оюутан хамрагдсан. Үүнээс эрэгтэй 11, эмэгтэй 34 оюутан байна. Дээд боловсролын сургалтын байгууллага болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг таниулж ойлгуулахын тулд суралцагчид чиглэсэн үйл ажиллагаа шалгуураар багийн ажлыг зохион байгуулан кейс дээр ажиллах, өртөөчилсөн илтгэх арга зүйг ашиглан зохион байгууллаа. Мөн ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн лаборатори, техник тоног төхөөрөмжүүдтэй танилцах аялалыг зохион байгуулсан. Сургалтын явцад оюутнуудыг нэгдсэн фэйсбүүк группт нэгдүүлж, мэдээллийг дамжуулсан. Мөн аялалын явцад оюутнууд техник хэрэгслүүд дээр ажиллах, турших зэргээр идэвхитэй оролцлоо.

Оюутнууд сургалтаас шинжээчийн үүрэг, хариуцлагыг ойлгож, ёс зүйн хэм хэмжээтэй танилцсан. ДБСБ, сургалтын хөтөлбөр, урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг судалж мэдсэний зэрэгцээ үнэлгээний аргачлалтай танилцаж, кейс дээр ажилласан. Орчин үеийн сургалтын орчин, е-сургалтын онцлогтой танилцаж, оюутан төвтэй суралцахуйн арга ажиллагааны талаар ойлголтоо нэмэгдүүлж чадсан. Сургалтаас гарсан зөвлөмжийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Их дээд сургуулийн удирдлагууд, сургалтад хамрагдсан оюутнууд, БМИҮЗ-ийн ажлын албанд хүргүүлэхээр боловсруулж танилцуулсан.