Чанарын дотоод баталгаажуулалт-3 Захирлуудын сургалт

“Чанарын дотоод баталгаажуулалт 3” их дээд сургуулийн захирлууд оролцсон сургалт 12 сарын 6-ны өдөр Корпорайт зочид буудлын “Улаанбаатар” хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд 75 их дээд сургуулийн ректор, захирал, дэд захирлууд, БСШУСЯ–ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Амаржаргалан болон тус газрын мэргэжилтэнгүүд, Азийн хөгжлийн банкны нийгмийн секторын ахлах мэргэжилтэн Л.Итгэл, зочин лекторууд болон БМИҮЗ-ийн ажлын албаныхан нийт 100 хүн тус сургалтанд оролцсон.

Сургалтын үр дүнд:

  • Чанарын дотоод баталгаажуулалтаар дамжуулан чанарын соёлыг төлөвшүүлсэн олон улсын шилдэг туршлагаас суралцаж, өөрийн сургуулийн дотоод чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлж эхэлсэн.
  • Сургалтаар чанарын дотоод баталгаажуулалтын ач холбогдлыг удирдлагын төвшинд сайтар ойлгосны үр дүнд олон сургууль чанарын дотоод баталгаажуулалтын нэгжийн хүн хүчийг нэмэгдүүлэн, тусгай даалгавар өгч ажиллан, арга зүйн зөвлөгөө БМҮИЗ-ээс авч ажиллаж байна.
  • Чанарын дотоод баталгаажуулалтанд удирдлагын мэдээллийн системийг үр дүнтэй хэрэглэсэн дотоодын сайн туршлагаас суралцсан.
  • Олон улсад магадлан итгэмжлүүлэхэд чанарын дотоод баталгаажуулалтыг хэрхэн хангах туршлагаас суралцсан.

Цаашид БСШУЯ болон холбогдох газарт хүргэх сургалтаас гарсан зөвлөмжийг зохих газруудад хүргүүлэхдээ санал асуулгын үр дүнгээс тусгах шаардлагатай байна. Үүнд:

Дээд боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөмж

  • Чанарын дотоод баталгаажуулалтаар дамжуулан чанарын соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Чанарын дотоод баталгаажуулалт”-ын нэгжийг өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх;
  • Чанарын дотоод баталгаажуулалтын ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг дүгнэн тайлагнадаг байх;
  • Хөтөлбөрийн чанарын үнэлгээнд гол анхаарлаа хандуулах;
  • Чанарын дотоод баталгаажуулалтын нэгжид хөтөлбөрийн үнэлгээг хариуцаж ажиллах хөтөлбөрөөр мэргэшсэн мэргэжилтэнг ажиллуулах, мэргэжилтэнг сургалтанд хамруулах
  • Үнэлгээг хийх тогтсон циклийг боловсруулж, чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх;
  • Үнэлгээний арга хэрэгслүүдийг сайтар туршиж төслөөр хэрэгжүүлэх
  • Удирдлагын мэдээллийн системийг чанарын дотоод баталгаажуулалтын гол хэрэглүүр болгон хөгжүүлж, нотолгоонд суурилсан удирдлагын шийдвэр гаргах соёлыг төлөвшүүлэх;
  • Чанарын соёлыг байгуулагын хүн бүрт ойлгуулж, оролцуулах.
  • Чанарын дотоод баталгаажуулалтын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн багийг төрийн болон төрийн бус байгууллагын хэлбэрээр бий болгох, дэмжлэг үзүүлэх
  • Үнэлгээний арга хэрэгслүүдийн шалгуур үзүүлэлтийг тогтоож өгөх
  • Дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр үр дүнд суурилсан сургалтын модуль бий болгох