ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ЦУВРАЛ СУРГАЛТ – 1 “ШИНЖЭЭЧ ОЮУТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2015 онд дүрэм журам, шалгуур шаардлагаа шинэчилсэн.

Энэхүү шинэчлэлээ олон улсын жишигт нийцүүлж дээд боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийх Шинжээчийн багийн бүрэлдэхүүнд оюутан шинжээч байхаар зохицуулсан.

Оюутан шинжээчээр ажиллах оюутнуудыг 2017 оны эхээр сургууль бүрээс нэр дэвшүүлэн авч бүртгэлжүүлсэн бөгөөд тэднийг үе шаттайгаар магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд бэлтгэхээр төлөвлөөд байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд оюутан шинжээчийн оролцоо, үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг дээшлүүлж, шинжээчийн тайлан бичих аргачлалтай танилцуулж, дотоод чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн сан, идэвхтэй сургалтын арга зүйн талаарх оюутан шинжээчдийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой Дотоод чанарын баталгаажуулалт цуврал сургалт – 1 “Шинжээч оюутан” сургалт 2017 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн Е хурлын танхимд /405 тоот/ болно.

Сургалтыг дэмжин хамтран ажиллаж буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл төсөл” , ШУТИС-ийн Е Нээлттэй сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

/Сургалтын удирдамжийг хавсаргав./