ШИНЭ ХӨТӨЛБӨРӨӨР СУРГАЛТ ЭРХЛЭХ ХҮСЭЛТТЭЙ БАЙГАА СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД:

2016 оны Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт “Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ” гэж заасны дагуу их дээд сургуулиуд Шинэ хөтөлбөрөөр элсэлт авахдаа хөтөлбөртөө заавал урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх болсон.

Иймд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийх журам”-ын дагуу хүсэлтийг БМИҮЗ-ийн Ажлын албанд хүлээн авна.

Та бүхний ажлын ачааллыг харгалзан үзэж, тухайн хичээлийн жилийн 11 дүгээр сарын 01-нээс дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүсэлт хүлээн авахаар боллоо.

Хэрэв танай сургууль шинэ хөтөлбөр нээхээр төлөвлөсөн бол дэлгэрэнгүй мэдээлэл, журам, хүсэлтийн маягтыг www.accmon.mn сайтаас авч танилцан, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.