ШИНЭ ХӨТӨЛБӨР НЭЭХ СУРГУУЛИУДАД "УРЬДЧИЛСАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ" ХИЙХ ШИНЖЭЭЧИДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт “Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ” гэж заасны дагуу их дээд сургуулиуд Шинэ хөтөлбөрөөр элсэлт авахдаа хөтөлбөртөө заавал урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх болсон.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийх түр журам”-ын дагуу шинэ хөтөлбөр нээх хүсэлтийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авч ажиллалаа. Журмын дагуу хүсэлтээ өгсөн сургуулиудын материалтай танилцаж сайжруулах зөвлөмжийг шинэ хөтөлбөрийн багийнханд өгсөн.

Ингээд сайжруулсан Урьдчилсан магадлан итгэмжлэлийн тайланг Шинжээч хүлээлгэн өгч, гэрээ байгуулах, “Шинжээчийн тангараг” өргөх арга хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд зохион байгууллаа.

Арга хэмжээнд 22 их дээд сургуулийн 84 сургалтын хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийх 80 гаруй шинжээч үнэнч шударга, ёс зүйтэй, ажиллахаа тангараглав.

Шинжээчид 2018 оны 3 дугаар сарын 20-ны дотор сургалтын хөтөлбөрт ажиллаж урьдчилсан үнэлгээ хийх бөгөөд шинжээчийн үнэлгээний тайланг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 10 Мэргэжлийн зөвлөл, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталгаажуулах юм. Мэргэжлийн зөвлөл болон комиссоос гарсан дүгнэлтийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд 2018 оны 4 дүгээр сарын 1-нд хүргүүлнэ.