ЭРАСМУС+ ХӨТӨЛБӨРИЙН C3QA ТӨСЛИЙН СУРГАЛТ – СЕМИНАР

Товч тайлан

Европын холбооны Эрасмус плас төслийн хүрээнд хэрэгжиж буй докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд /интернациональчлах/ чиглэсэн оновчтой чанарын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх зорилго бүхий C3QA төслийн багийн уулзалт, сургалт-семинар Испани улсын Алкала хотын их сургуулийн кампусд 2017 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус сургалт-семинарт Монголын багийн 4 байгууллагын (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын хүрээлэн, Монгол улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль) 12 хүн оролцов.

C3QA төсөлд Монгол улсаас оролцож буй байгууллагуудын төлөөлөл

Төслийн эхний үе шат буюу 2017 оны 3-р сараас 6-р сард уг төсөлд оролцогч Казакстан, Монгол, Армени, Украйн улсын баг тус бүр өөрийн орны докторын хөтөлбөрүүдийн хэрэгжилт, чанарын баталгаажууллын талаар нөхцөл байдлын судалгааг хийж, чадавхи бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагыг тогтоож, 4 бүлэг бүхий тайлан бичиж, 2017 оны 7-р сард Киев хотноо баг тус бүр тайланг дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Уг хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг тусган баг тус бүр нөхцөл байдлын судалгааны тайлангаа дахин сайжруулах ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн ба үүнд төслийн багийн гишүүн бүр оролцон ажиллаж, 2017 оны 10-р сард төслийн зохицуулагчдад илгээсэн.

Казакстан, Монгол, Армени, Украйн улсын нөхцөл байдлын судалгааны тайланд үндэслэн Франц улсын Судалгаа болон дээд боловсролын үнэлгээний дээд зөвлөлийн мэргэжилтнүүд харьцуулсан судалгаа хийж, төсөлд оролцогч улсуудын нийтлэг болон онцлог байдал, давуу тал ба тулгарч буй сорилтын талаар нэгтгэн дүгнэж хэлэлцүүлэв. Харьцуулсан судалгааны дүнд төсөлд оролцогч улсуудад тулгарч буй дараах гол зүйлүүдийг онцлов.

  • Докторын түвшний сургалтанд багш төвтэй сургалт зонхилсон.
  • Сургуульд багшийн үйл ажиллагааг дэмжих санхүүгийн нөөц дутмаг.
  • Магистр, докторын хөтөлбөрийн маш цөөн хувь нь үндэсний түвшинд магадлан итгэмжлэгдсэн.

Хамтарсан хэлэлцүүлгийн үеэр

Мөн олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх арга туршлагаас суралцахаар ТЕМПУС төслийн хүрээнд Зальцбургийн зарчимд нийцүүлэн Армени улсын докторын хөтөлбөрийг сайжруулах VERITAS төслийг хэрэгжүүлсэн туршлага, үр дүнг төслийн менежер, профессор Рузанна Минасян танилцуулав. Энэхүү төсөл хоорондын дадлагажуулах сургалтаар үр дүнд хүрэхийн тулд хүчин зүйлс, нөхцлийг тооцох, зохион байгуулах, идэвхжүүлэх, үр дүнг тогтворжуулах арга замуудыг зөвлөмж болгосны зэрэгцээ төслийн зарим үр дүнг шууд авч ашиглах боломжийг олгов.

Сургалт-семинарыг 3 үндсэн хэсэгтэй зохион байгуулав. Үүнд:

Нэгдүгээр хэсэг: Докторын түвшиний хөтөлбөрт баримтлах зарчим

  • Евродын холбооны дээд боловсролын тогтолцоо: Докторны түвшний хөтөлбөр
  • Зальцбургийн зарчим: Европын их сургуулиудын холбооноос гаргасан докторын түвшний боловсрол /гол асуудлууд/

Хоёрдугаар хэсэг: Докторын түвшний хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

  • Европын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын стандарт ба зөвлөмжүүд
  • Хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын стандарт ба зөвлөмжүүд
    • Магадлан итгэмжлэл: шалгуур, стандарт
    • Стандартын биелэлт
      • Урьдчилсан магадлан итгэмжлэл
      • Хяналт үнэлгээ
      • Магадлан итгэмжлэл
    • Логистик
    • Шаардлагатай мэдээлэл /а, b, c/өөрийн үнэлгээ, үзүүлэлтүүд, нотлох баримт
    • Шинжээчийн үнэлгээ: шинжээч, шинжээчийн баг, чадавхжуулах сургалтууд
    • Гарц үр дүн /тайлан/

Гуравдугаар хэсэг: Цаашид хэрхэх вэ?

  • ESG 1 –р хэсэг: Дотоод чанарын баталгаажуулалтын стандарт, зөвлөмж (докторын түвшний хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл)
  • Докторын сургууль (хараат бус байдал, хариуцлага, байгууллагын магадлан итгэмжлэл)
  • ESG 3 –р хэсэг: Чанарын баталгаажуулалтын байгуулагад тавигдах стандарт, зөвлөмж

Докторын түвшний сургалтанд тавигдах Залцбургийн зарчим болон Европын холбооны дээд боловсролын чанарын баталгаажуулалтын стандарт, зөвлөмжинд суурилан докторын түвшиний сургалтын хөтөлбөрөө сайжруулсан Испанийн туршлагад тулгуурласан 5 лекцийн дагуу улс тус бүрийн баг дараах асуудлуудаар даалгавар гүйцэтгэж хэлэлцүүлэв. Үүнд:

  • Одоо хэрэгжиж буй докторын хөтөлбөрийн чанар
  • Олон нийтэд зориулсан мэдээллийн нийцэл
  • Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцооны үр өгөөж
  • Багшлах боловсон хүчний хангамж
  • Сургалтыг дэмжих тогтолцооны үр өгөөж
  • Хөтөлбөрийн үр дүн чанар

Төслийн баг сургалт-семнарын үр дүн, хамтран гүйцэтгэсэн даалгаврын үр дүн, дүгнэлт, саналыг нэгтгэн докторын хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулиуд, бусад сонирхогч талуудыг хамруулан ойрын хугацаанд хэлэлцүүлэг, семинар зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт-семинарт хэлэлцүүлсэн лекц, материалуудыг www.c3-qa.com болон www.accmon.mn/төсөл хөтөлбөр/c3-qa цахим хуудсанд байршуулсан.

Сургалт-семнарын үеэр төсөлд оролцогч зарим их сургуулиуд тодорхой чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болсон нь энэхүү төслийн хүрээгээр хязгаарлалгүй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгааг харуулж байна.

Хавсралт үзэх