Үндэсний мэргэшлийн хүрээ, Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай конвенцид нэгдэн орох талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр зохион байгуулагдав.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, UNESCO-ийн Ази, Номхон далайн бүсийн төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хамтран “Үндэсний мэргэшлийн хүрээ Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус конвенцийг 1983 онд UNESCO-ийн гишүүн орнуудын бага хурлаар хэлэлцэн баталсан бөгөөд 2011 онд Токио хотноо шинэчлэн баталсан.

Конвенцийн гол зорилго нь эрдэмтэн судлаачид, оюутан суралцагчдын шилжилт хөдөлгөөниийг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог бүрдүүлэх, харилцан ойлголцолыг бий болгох, бүс нутгийн дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанарыг харилцан хүлээн зөвшөөрөхөд чиглэгдэж байна.

Хэлэлцүүлэгт дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, үндэсний мэргэшлийн хүрээ, боловсролын салбарын удирдлагын мэдээллийн тогтолцооны талаар илтгэлүүд тавигдсны дотор Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга бөгөөд ажлын албаны захирал Ж.Болормаа Монгол Улсын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, хэрэгжүүлж буй чиг үүрэг, бодлого цаашдын хөгжлийн талаар илтгэл тавилаа.


Энэхүү конвенцид нэгдэн орсноор бүс нутгийн боловсролын талаар мэдээлэл солилцох, үндэсний мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, Монгол Улсын иргэдийн болон гадаад иргэдийн эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрүүлэх, зөвшөөрөх боломж нээгдэх юм.

БМИҮЗ өнөөдрийг хүртэл гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.