C3QA төслийн эхний зөвлөлдөх уулзалт Армен улсын нийслэл Ереван хотноо болов

Европын холбооны Эрасмус плас (Erasmus+) төслийн санхүүжилтээр “Европын холбооны интеграцитай уялдуулан гурав дах төвшний буюу докторын төвшний хөтөлбөрийн чанарын баталгаажууллын тогтолцоог боловсруулах, нэвтрүүлэх замаар судалгааны интернациональчлалыг дэмжих нь” (C3QA) төслийг Армен, Монгол, Казакстан, Украйн улсуудын хамтарсан консорциумын баг хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөлд дээр дурьдсан 4 улсын боловсрол, шинжлэх ухааны яам, чанарын баталгаажууллын үндэсний байгууллагууд, тэргүүлэх судалгааны их сургуулиуд, мөн Франц, Испани, Польшийн их сургуулиуд оролцож байгаагаас Монгол улсаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монгол улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үндэсний баг хамтран хэрэгжүүлэх юм.

Төслийн багийн анхны зөвлөлдөх уулзалт 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Армен улсын нийслэл Ереван хотноо болов.Төслийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж буй Армен дах Францын их сургуулийн ректор Др.Жеан Марк Лавест уулзалтыг нээж үг хэлсэн бол Бүгд Найрамдах Армен Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Левон Мкртчян мөн БНФУлсаас тус улсад суух элчин сайд Жеан Францойс Чарпентар нарын хүндэт зочид уг төслийн ач холбогдол, үр өгөөжийг чухалчилж, төсөл хэрэгжүүлэх нийт багийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсэв.

Армен Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Левон Мкртчян

БНФУлсаас тус улсад суух элчин сайд Жеан Францойс Чарпентар

Мөн Армен улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд төслийн талаар, гарах үр дүн, ач холбогдлын талаар оролцогч талуудаас мэдээлэл авав. Энэ үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын хэлтсийн дарга, Др. Т.Амаржаргалан Армений телевизд Монгол улсын дээд боловсролын салбарын ололт, шинэчлэл, мөн уг төслийн ач холбогдол, гарах үр дүнгийн талаар ярилцлага өгөв.


Энэхүү төслийг санаачлагч, Дээд боловсролын чанарын баталгаажууллын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE) байгууллагын ерөнхийлөгч, Др. Сузанна Караханян хэлэхдээ төсөлд оролцож буй эдгээр улсуудын боловсролын тогтолцоо хуучин социалист тогтолцоонд суурилсан бөгөөд cycle 3 буюу докторын төвшний сургалтыг хэрэгжүүлж буй арга хэлбэр, олгож буй зэрэг дэв олон улсын чиг хандлагаас зөрүүтэй, түүнчлэн олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн судлаачдын бүтээл хомс байгаа зэрэг нийтлэг сул тал байгаа тул хамтдаа суралцаж, богино хугацаанд чадавхиа бэхжүүлэх нь энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэх үндэс болсныг тэмдэглэв.

Төсөл нийт гурван жилийн хугацаанд хэрэгжих ба энэ хугацаанд төсөлд оролцогч талууд өөрийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, улмаар докторын төвшний хөтөлбөрт чиглэсэн үндэсний бодлогыг тодорхойлж, уг бодлогод суурилсан дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлэн, сонгогдсон их сургуулиуд дээр туршин хэрэгжүүлэх юм. Үндэсний онцлог, хэв шинжийг тусгасан мөн олон улсын чиг хандлагад нийцсэн цогц, оновчтой чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлснээр докторын төвшний сургалтын хөтөлбөрийн болон судалгааны чанар нийцлийг сайжруулахад, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдыг бэлтгэх гаргах үндэс суурийг тавихад энэхүү төслийн туйлын зорилго оршиж байна.

Энэхүү эхний уулзалтаар талууд төслийн хүрээнд хийгдэх ажлууд, тэр дундаа эхний жилд хийгдэх багц ажлууд, төслийн удирдлага аргазүй, санхүүгийн менежментийн асуудлуудыг хэлэлцэж, оролцогч талууд санал бодлоо солилцон, төслийн хэрэгжилтийг хянах, удирдах, зохион байгуулалтаар хангах үүднээс төслийн удирдах зөвлөлийг төсөлд оролцогч улс тус бүрээс нэг нэг хүний төлөөлөлтэйгээр байгуулахаар тогтов. Монгол улсыг төлөөлж БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга, Др. Т.Амаржаргалан удирдах зөвлөлийн гишүүн мөн төслийн үндэсний зохицуулагчаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, Монголын багийн гадаад харилцааны ажилтнаар БМИҮЗ-ийн мэргэжилтэн Ц.Батбаяр нар тус тус ажиллахаар болов.


Монгол улсын багийн хамт олон

Энэхүү төсөлд Монгол улс оролцсноор дээд боловсролын чанарын баталгаажуулалт, тэр дундаа докторын төвшний хөтөлбөр, судалгааны чанар, нийцлийг сайжруулах чиглэлээр туршлагатай улс орнуудтай хамтран олон улсын төсөл хэрэгжүүлэж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлснээр дараа дараагийн олон улсын төслүүдэд бие дааж болон хамтрагчаар ажиллах үндэс суурийг тавих чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Төсөлд оролцогч байгууллага тус бүр ажлын хэсэг байгуулж ажиллах ба өөрийн орчин, нөхцөл байдлын үнэлгээг хийж, 2017 оны 05 дугаар сард багтаан тайлагнахаар тохиролцов.