CPSC-ийн гишүүн орнууд болон APACC-аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын холбоо байгуулагдлаа

Монгол улс 2005 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийн Засгийн газар хоорондын байгууллагын гишүүн болж (CPSC-Ази, номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги APACC – Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс) БМИҮЗ, APACC-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу монголын сургуулид магадлан итгэмжлэгдэж эхэлсэн. Технологийн дээд сургууль нь APACC-ийн магадлан итгэмжлэлд 3 удаа орсон бөгөөд 2011 онд хүрэл медалийн болзол хангаж, 2 жилийн хугацаатай, 2013 онд мөнгөн медалийн болзол ханган, 3 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн билээ.

CPSC-ийн гишүүн орнуудын төлөөллүүд болон APACC-аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын төлөөллүүдийн эхний уулзалт 2016 оны 6 дугаар сарын 24-нд Филиппин улсын нийслэл Манила хотод болсон бөгөөд APACC –аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын холбоог /AAA/ байгуулахыг нийт төлөөлөгчид дэмжсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30 –наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Малайз улсын Негери Сембилан хотын Политехник Порт Диксон-д энэхүү AAA холбооны дүрмийн төслийг хэлэлцэж, удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо. Энэхүү уулзалтанд Энэтхэг, Тайланд, Филиппин, Малайз болон Монголын нийт 18 төлөөлөгчид оролцлоо.

Мөн CPSC-ийн шинэ Ерөнхий захирал доктор Ramhari Lamichhane, APACC-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Dr.G.Kulanthaivel, Малайз улсын Дээд боловсролын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын захирал Pn. Noor Aidi Nadzri, Политехникийн боловсролын хэлтсийн дарга Tuan Haji Azizi Bin Lin болон CPSC-ийн хуучин ерөнхий захирал Dr. Mohammad Naim Yaakub нар оролцлоо.


APACC –аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын холбооны /AAA/ гол зорилго нь хил дамнасан боловсролын үйлчилгээг өргөжүүлэх замаар APACC-аар магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагуудын дунд хамтын ажиллагааг бий болгох, бүс нутгийн харилцааг бэхжүүлэх юм.

Уулзалтын эхэнд Малайз улсын Дээд боловсролын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын захирал Pn. Noor Aidi Nadzri өөрийн улсын боловсролын системийн талаар илтгэл тавьсан. Дараа нь APACC –аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын холбооны /AAA/ дүрмийн төслийг хэлэлцэж, санал бодлоо солилцон засварласны эцэст дүрмийн төслийг баталж, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. AAA холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Малайз, Филиппиний 6 сургууль болон Монголын Технологийн дээд сургууль сонгогдлоо. Энэхүү AAA холбоонд зөвхөн APACC-аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд элсэх боломжтой юм. Мөн APACC-аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын төлөөлүүд боломжит хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан бөгөөд Монголоос Технологийн дээд сургуулийн сургалтын албаны менежер С.Оюунсүрэн өөрийн байгууллагын туршлага, нөөц боломжийн талаар илтгэл тавьлаа.

Хөтөлбөрийн үеэр төлөөлөгчид APACC-ийн GOLD++ буюу алтан медалийн болзол ханган магадлан итгэмжлэгдсэн Политехник Порт Диксон сургалтын байгууллагатай танилцах аялал хийсэн. Тус сургалтын байгууллага нь 1990 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн, өдгөө инженерчлэл, худалдаа зэрэг олон хөтөлбөрөөр нийт 35000 гаруй төгсөгч бэлтгэсэн техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт өөрсдийн орон зайгаа бий болгосон том сургууль юм. Бидний танилцах аялал хийх үеэр тус сургуулийн механик инженерийн сургууль нь 2016 оны 12 сард БНХАУ-д зохиогдох олон улсын роботын тэмцээнд оролцохоор бэлдэж байхтай таарч, сонирхолтой нэгэн туршилтыг үзэж, танилцсан юм.