Япон Улсын их сургуулиудын магадлан итгэмжлэлийн холбоо/JUAA/

ЯПОНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГАДЛАН

ИТГЭМЖЛЭЛИЙН ХОЛБОО

1947 онд 46 орны олон нийтийн болон хувийн их сургуулиуд АНУ–ын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар загварчлан Японы Их Сургуулийн Магадлан Итгэмжлэлийн Холбоо / ЯИСМИХ/-г байгуулжээ. Гишүүнчлэлийн төлбөрөөрөө бие даан үйл ажиллагаа явуулдаг ЯИСМИХ нь сайн дурын хичээл зүтгэл, харилцан туслалцаа дээр үндэслэн дээд боловсролын байгууллагуудын чанарын хөгжил, дэвшлийг дэмжих эрхэм зорилгыг тунхагласан. ЯИСМИХ үүсгэн байгуулсан философи дээрээ суурилан их сургуулийн стандартыг боловсруулж, 1951 оноос уг стандартад нийцсэн их сургуулиудад гишүүнчлэл олгон, магадлан итгэмжилж эхэлсэн. Улмаар 1956 онд их сургууль үүсгэн байгуулахад тавигдах стандартыг боловсруулж, мөрдөх хүртэл Боловсролын яам уг стандартыг их сургууль байгуулах зөвшөөрөл олгохдоо шалгуур үзүүлэлт болгон ашиглаж байжээ. Үүнээс хойш Японы их сургуулиудын чанарыг бэхжүүлэхэд чиглэсэн, сайн дурын чанарын ахиц дэвшлийн шалгуур үзүүлэлтээр ашиглагдах болжээ.

1996 он гэхэд ЯИСМИХ их сургууль бүрийг хэрэгжүүлж буй өөрийн үнэлгээнд суурилсан шинэ үнэлгээний системийг нэвтрүүлсэн. Энэхүү шинэ систем нь их сургууль тус бүрийн өөрийн онцлогийг шингээсэн эрхэм зорилго, зорилтыг хөгжүүлэхийг чухалчилсан.

2004 онд Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам ЯИСМИХ-г анхны их сургуулийн үнэлгээ, магадлан итгэмжлэлийн агентлагаар баталгаажуулж, баталгаажсан үнэлгээ, магадлан итгэмжлэлийн системийг нэвтрүүлсэн. Ингэснээр ЯИСМИХ-ны магадлан итгэмжлэл хууль ёсны статус олж авчээ. Сургуулийн өөрийн үнэлгээ, ирээдүйн төлөвлөлт, сул талаа засаж, давуу талаа бэхжүүлэхийг чухалчилсан тус холбооны үүсгэн байгуулах философи өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна.

Их сургуулийн магадлан итгэмжлэлийн хороо нь 30 гишүүнтэй, үүнээс 20 гишүүн нь үндсэн гишүүн их сургуулиас, 5 гишүүн нь удирдах зөвлөлийн гишүүдээс, үлдсэн 5 гишүүн нь хөндлөнгийн шинжээчдээс тус тус бүрддэг. Мөн түүнчлэн магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан их сургуулийн цар хүрээнээс хамаарч зохион байгуулагч эсвэл тусгай үүрэг бүхий шинжээчийг томилдог. Их сургуулийн магадлан итгэмжлэлийн хороо нь их сургуулийн үнэлгээний дэд хороо, санхүүгийн үнэлгээний дэд хороо, үйл ажиллагааны тайлангийн дэд хороо, дахин үнэлгээний дэд хороо, нэмэлт үнэлгээний дэд хороо зэрэг дэд хороодуудтай.

Их сургуулийн хяналтын дэд хороог хүсэлт гаргасан их сургууль бүрт зориулан зохион байгуулдаг бөгөөд ихэвчлэн 5 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч тухайн хүсэлт гаргасан сургуулийн цар хүрээнээс хамааран дэд хорооны гишүүдийн тоо хэлбэлзэж байдаг. Тус дэд хороо нь тухайн сургуулийн санхүүгийн асуудлаас бусад бүх хандлага, үүнд сургалтын болон судалгааны үйл ажиллагаа сургуулийн зорилго, зорилттой уялдан хэрэгжиж байгаа эсэх зэргийг хянан үздэг.

Санхүүгийн үнэлгээний дэд хороо итгэмжлэгдсэн нягтлан бодогчид, их сургуулийн санхүүгийн мэргэжилтэнгүүдээс бүрддэг. Улсын ба олон нийтийн их сургуулийн зөвлөл, хувийн их сургуулийн зөвлөл тус дэд хорооны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдах ба тус дэд хорооны гишүүд тухайн зөвлөлүүдийн тэргүүнээр ажилладаг. Улсын болон олон нийтийн их сургуулийн зөвлөл тухайн харъяалагдах улсын болон олон нийтийн их сургуулийн санхүүгийн асуудалд, хувийн их сургуулийн зөвлөл зөвхөн тухайн хувийн сургуулийн санхүүгийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгдөг.

Үйл ажиллагааны тайлангийн дэд хороо нь ЯИСМИХ-ноос өгсөн зөвлөмж, даалгавартай холбоотой магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг.

Дахин үнэлгээний дэд хороо нь хязгаарлагдмал /бүрэн бус магадлан итгэмжлэгдсэн их сургуулиас ирүүлсэн үйл ажиллагаа/ явцын тайланд үнэлгээ хийж, шаардлагатай бол газар дээр нь очиж танилцдаг.

Нэмэлт үнэлгээний дэд хороо нь бичиг баримтын дүн шинжилгээ эсвэл газар дээр нь танилцан магадлан итгэмжлэл нь цуцлагдсан их сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг.

Мөн түүнчлэн гомдол саналын хороо гэж байх ба энэ хороо нь магадлан итгэмжлэл цуцлагдсан, бүрэн бус магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудаас ирүүлсэн гомдол саналыг шалгадаг. Зөв, шударга үнэлгээ өгөхийн тулд тус хороо нь их сургуулийн магадлан итгэмжлэлийн хорооноос хамааралгүй, бие даасан хэлбэртэй байдаг.

Япон

1. Их сургуулиудын хүлээх үүрэг

Дээд боловсрол, академик судалгааны гол цөм болсон их сургуулиуд нь дор дурьдсан хичээл зүтгэлийг гаргаж ажиллана. Үүнд:

1) Оюун санаанд өргөн мэдлэг бүхий зан төлвийг хөгжүүлэхдээ үнэн зөв, өндөр ёс зүйтэй хүний нөөцийг эрхэмлэх

2) Гадаад хүчин зүйлсийг сайтар дүгнэн их сургуулийн түвшинд тохиромжтой эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих, хөгжүүлэх

3) Нийгмийн сайн сайханд гар бие оролцох

Академик судалгааны хөгжил, нийгэм, эдийн засгийн салбар дахь өөрчлөлтүүд, глобалчлал зэрэг өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй нийгэм дэхь олон талт хүчин зүйлүүдтэй уялдуулан их сургуулиуд нь цаашдын хөгжил, хотхоны олон талт хөгжилд дасан зохицож, дэмжин хөгжүүлэх ёстой. Нөгөө талаас өндөр хөгжсөн чадамж бүхий сэхээтний бүлэг гэж нийгэмд тооцогдож байгаа их сургуулиуд нь илүү сайхан нийгмийг бий болгоход тус нэмэр болох санал зөвлөмж, мэдлэгийг түгээхийн тулд бүтээлч үзэл бодлын үүднээс нийгмийг сайтар судлан, өөрийн чадамжаа ашиглах нь зүйтэй. Иймд их сургуулиуд боловсролын болон судалгааны үйл ажиллагаагаа хөгжүүлэн сайжруулахыг ямагт хичээж ажиллахаас гадна тухайн сургуулиуд нийгмийн бодит хүлээлттэй нийцэж байгаа эсэхийг байнга баталгаажуулж байх шаардлагатай.

2. Их сургуулийн стандартуудын мөн чанар/зорилго

Японы Их Сургуулиудын Магадлан Итгэмжлэлийн Холбоо / ЯИСМИХ/ нь их сургуулийн магадлан итгэмжлэлийн зорилгод нийцүүлэн энэхүү стандартын багцыг боловсруулав. Эдгээр стандартууд нь их сургуулиудыг тодорхойлсон зорилго, зорилтоо биелүүлэхэд чиглэсэн хөгжил, дэвшлийг хийхэд удирдамж болно. Мөн эдгээр стандартууд нь их сургуулиудыг өөрийн гаргаж буй хичээл зүтгэлээ бодит болгох, сайжруулж баталгаажуулсан хөгжил, санаачлагыг дэмжихэд тус болох зорилготой.

Энэхүү стандартын заалтуудыг боловсруулахдаа их сургуулиудын үзэл санаа, байр суурийг биелүүлэхэд чухалчлагдах асуудлуудыг анхааран үзэж, өөр өөрийн зорилго зорилтод суурилсан сургууль тус бүрийн онцлог, байр суурийг хүндэтгэн үзсэн болно.

Стандартууд

1. Зорилго, зорилт

Эрхэм зорилго, зорилт нь тухайн сургуулийн онцлог, мөн чанарыг тодотгон харуулсан байх ба сургуулиудын академик/сургалтын эрх чөлөөг дээдэлсэн байна. Их сургуулиуд нь боловсролын үйл ажиллагаа явуулахад шаардагдах холбогдох нөхцөл байдал, байгууллагын бүтэц зохион байгуулалт, системийг бий болгох бөгөөд өөрийн тавьсан эрхэм зорилго, зорилтоо бодит болгохын тулд эдгээр функц үүргээ биелүүлэх байнгын хичээл зүтгэлийг гарган ажиллах ёстой.

Мөн түүнчлэн тухайн их сургуулийн өнөөгийн байдал зорилго, зорилттой нийцэж байгаа эсэх мөн боловсролын болоод судалгааны үйл ажиллагааг тогтмол хөгжүүлж, бэхжүүлж байгаа эсэхийг хянан шалгаж, баталгаажуулж байвал зохино.

Их сургуулийн зорилго, зорилт нь тухайн сургуулийн оролцогч талуудад ойлгомжтой байх ба хэвлэл мэдээлэл, цахим хуудсаараа дамжуулан нийгэмд таниулах шаардлагатай. Их сургуулиуд зорилго, зорилтоо байнга баталгаажуулж, эдгээр баталгаажуулалтын үр дүнг шаардлагатай хөгжил, сайжруулалттай холбож байх шаардлагатай.

2. Сургалтын болон судалгааны бүтэц

Өөрийн тодорхойлсон зорилго, зорилт дээрээ үндэслэн их сургууль нь академик факультет, тэнхим, эрдмийн сургууль зэрэг сургалтын болон судалгааны үйл ажиллагаа явуулахад шаардагдах шаардлагатай бүтцийг бий болгож, энэ бүтцээрээ үр дүнтэй удирдан явуулна. Сургалт, судалгааны байгууллагууд нь тухайн их сургуулийн үйл ажиллагааны нэгжийн хувьд эдгээр нь тухайн их сургуулийн онцлог, сургалтын үйл ажиллагааны чиглэл, нийгмээс хүлээж буй хүлээлт, олон улсын орчин, хандлагатай нийцүүлэн зохион байгуулагдана.

Мөн их сургуулиуд нь сургалтын болон судалгааны бүтэц зохион байгуулалт нь зөв зохистой, үр дүнтэй байгаа эсэхийг баталгаажуулж, гарсан үр дүнг дараагийн хөгжил сайжруулалттай холбохоос гадна их сургуулийн боломжит нөөц, чадавхийг тооцохдоо ашиглана.

3. Факультет, тэнхмийн гишүүд, бүтэц зохион байгуулалт

Их сургуулиуд нь факультет, тэнхмийн гишүүдийн идеал/зохист дүр төрх, тэнхим, судалгааны нэгжүүдийн сургалтын хөтөлбөр, оюутны квоттой уялдуулан сургалт, судалгааны түвшинд шаардагдах тэнхмийн бүтцийг бий болгох бодлогыг боловсруулах шаардлагатай. Мөн түүнчлэн их сургуулиуд нь тэнхмийн гишүүдийн үүрэг ролийн зохист хуваарилалт дээр үндэслэн тэнхмийн бүтэц зохион байгуулалтыг хийх ба ингэснээр байгууллагын зохион байгуулалт батжиж, хаана, хэнд сургалт, судалгааны хариуцлага орших нь тодорхой болно.

Их сургууль нь тэнхмийн гишүүдийг зохих ёсоор ажилд авч, хөлслөн ажиллуулж, дэмжин, тэдгээрийн статусыг баталгаажуулна. Тэнхмийн гишүүдийг ажиллуулахдаа их сургууль нь өөрийн оронд болон олон улс дахь хүний нөөцийн судалгаа хийн, бичгээр үйлдэгдсэн стандарт, процедурыг дагаж мөрдөн, тэнхмийн бүтэц зохион байгуулалтыг идэвхжүүлэх ба тэнхмийн гишүүдийг элсүүлэхдээ шударга, ил тод арга барилыг удирдлага болгоно.

Их сургуулиуд боловсон хүчин, ажилчин сонгон шалгаруулахдаа их сургууль нь тэргүүн шугамын боловсролын байгууллага гэдгийг ямагт санаж, тухайн ажил горилогчийн хувь хүний чанар, ур чадвар, сургалт, судалгааны гүйцэтгэл, нийгэм, сургалтын орчин дахь шалгуур үзүүлтэд нийцэж байгаа эсэхийг ямагт анхаарч үзнэ.

Түүнчлэн тэнхмийн гишүүдийн насны харьцааг харгалзан, хүйсийн тэгш эрхийг дээдлэх нь энэ нийгэмд тун чухал юм. Тэнхмийн гишүүдийн чанарын үзүүлэлтийг бэхжүүлэхийн тулд их сургууль нь байгууллагын, олон талт арга барилд нийцсэн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх шаардлагатай.

4. Сургалтын хөтөлбөр, заах арга барил, үр дүн

(1) Боловсролын зорилт, дипломын бодлого, хөтөлбөрийн бодлого

Их сургууль нь зорилго, зориолтыг бодит болгох, хэрэгжүүлэхийн тулд сургалтын зорилтуудаа тодорхойлж, үүнийгээ диплом, хөтөлбөрийн бодлогыг тодорхойлох үндэслэл болгон хэрэглэнэ.

Дипломын бодлого нь тухайн олгож буй зэрэг, тухайн зэрэгт хамаарах сургалтын үр дүнгийн стандартыг тогтооно. Хөтөлбөрийн бодлогод сургалтын хөтөлбөр, цаг, хичээлийн дараалал зэргээс гадна хөтөлбөрийг жигд хэрэгжүүлэхэд шаардагдах сургалтын хөтөлбөр, хичээлийн хэлбэр, сургалтын арга барил дээр үндэслэн боловсруулсан хичээлийн ангилал зэрэг үндсэн үзүүлэлтийг тусгах нь чухал юм.

(2) Сургалтын төлөвлөгөө ба хөтөлбөр

Диплом болон сургалтын төлөвлөгөөний бодлого дээр үндэслэн их сургуулиуд анги курсыг тохиромжтой хэлбэрээр тогтоож, сургалтын төлөвлөгөөг системтэйгээр боловсруулна. Тусгайлсан бүх салбар, мэргэшлийн хувьд сургалтын төлөвлөгөөг боловсруулахдаа боловсролын зорилт, судалгаа, сургалтын зорилтод нийцсэн хичээлийг тогтооно. Ингэхдээ олон улсын хандлага, мэдээлэл, сургалтын чиг хандлага, нийгмийн хэрэгцээ, хүлээлтийг тооцон үзнэ. Академик факультет, судалгааны тэнхмийн зорилт, зохион байгуулалтыг анхааран үзэх бөгөөд хичээл нь их сургуулийн боловсролын нэг бүрэлдэхүүн болон зохицож, системтэй, үр дүнтэй зохион байгуулагдахад анхаарна.

Бүх курсын хувьд их сургууль нь тухайн зэрэгт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хангана.

(3) Сургалтын заах арга барил

Дипломын болон сургалтын төлөвлөгөөний бодлого дээр үндэслэн зохих хичээлийн хэлбэрийг сонгохдоо их сургууль нь сургалтын үр дүнг бодитой, өгөөжтэй байх зорилгын дор сургалтын арга барилыг сайжруулах бүхий л хичээл зүтгэлийг гаргаж ажиллана.

Оюутны суралцах санаачлагыг дэмжихийн тулд их сургууль нь тухайн хичээлийн талаарх удирдамжаар хангах, тохиромжтой конспект төлөвлөгөөг гаргах, хичээлийн хөтөлбөр дээр үндэслэсэн сургалт, судалгааны талаарх удирдамжийг өгөх, хичээлийн хэлбэр, аргачлал дахь зохион бүтээх чадварыг хөгжүүлэх зэрэг сургалтыг идэвхжүүлэх үр дүнтэй арга хэлбэрийг бий болгоно.

Кредит олгох аргачлалтай холбоотойгоор хичээл тус бүрийн хэлбэр, агуулга, онцлогт анхаарал хандуулах ба их сургууль нь тухайн төлөвлөсөн сургалтын үр дүнг тооцохдоо кредит системийн зорилтыг биелүүлж байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийнэ. Боловсролын чанарыг баталгаажуулахын тулд сургалтын үр дүнгийн зохимжтой, хатуу үнэлгээг хэрэгжүүлнэ.

Боловсролын стандартыг хангах, сайжруулахын тулд их сургууль нь хичээлийн агуулга, арга барилыг сайжруулах зорилгоор байгууллагын сургалт, судалгааг тэнхмийн хөгжлийн нэг хэсэг болгоно.

(4) Үр дүн

Сургалтын үр дүнг нарийвчлан дүгнэхдээ их сургууль нь үнэлгээний үзүүлэлт, аргачлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Сургалтын төлөвлөгөөнд заасан дипломын шалгуур, үзүүлэлтийг үндэслэн их сургууль нь урьдчилан тогтоосон шалгуурыг хангасан оюутанд боловсролын зэрэг олгоно.

5. Оюутны элсэлт

Их сургууль нь элсэлтийн бодлого, чадавхиа тодорхойлно, ингэснээр тухайн сургууль нь зорилго, зорилтоо биелүүлэх боломжтой болно.

Их сургууль нь бодитой элсэлтийн шалгалтын системийг боловсруулж, элсэлтийн бодлоготойгоо уялдуулан үр дүнтэй зохион байгуулна. Ингэхдээ их сургууль нь ахлах сургуулийн боловсрол, их сургуулийн боловсрол хоорондын хамаарал мөн глобалчлалын өнцгөөс харж байгаа нийгмийн хэрэгцээ, хүлээлт: Үүнд насанд хүрэгчид, эргэн суралцагчид, гадаад оюутнууд, анги алгасч буй оюутнууд, их сургууль, факультет хооронд шилжин суралцагчдын элсэлт зэргийг анхааран үзнэ.

Мөн түүнчлэн их сургууль нь суралцах оюутны бие бүрэлдэхүүн, элсэлтийн багтаамж хоёрын харьцааг хадгалж байна. Сургалтын үр нөлөөг өсгөх зорилгоор их сургууль нь өөрийн чадавхийн хүрээнд боломжит хэмжээнд оюутан элсүүлэх бөгөөд заасан хэмжээнээс элсэлт авахаас зайлсхийнэ.

Элсэгчдийн сонгон шалгаруулалт шударга байх, элсэлтийн бодлого дээрээ суурилах, шалгалтын үр дүнг цаашдын хөгжил, сайжруулалтанд тусгахыг их сургууль анхаарна.

6. Оюутанд үзүүлэх үйлчилгээ

Их сургууль өргөн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийг хөгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой. Бодит сургалтын орчныг бий болгохдоо их сургууль нь хүний үнэт зүйлсийг дээдлэн, хөгжүүлж, оюутан бүрийн чадавхи, боломжийг хөгжүүлэх зорилгын дор оюутан тус бүрийн нөхцөл байдал, онцлогт хамааран зөвлөгөө, удирдамжаар хангана.

Ингэхдээ их сургууль нь оюутны үзүүлэх үйлчилгээтэй холбоотой бодлогоо тодорхойлно. Ингэснээр оюутан сурлага, хичээлдээ төвлөрч сургуулийн хотхоны амьдралдаа жигдрэх боломжтой болно. Оюутны сургалтыг дэмжих зорилгоор их сургууль нь тахир дутуу оюутнуудад зориулсан эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээг хэрэгжүүлэхийг анхаарч ажиллана.

Оюутны хөгжил, сурлагад зориулан бие даасан тэтгэлгийн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх, шаардлагатай хэрэглээний зүйлсийг хангах зэргээр эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь чухал юм. Оюутны амьдралыг дэмжих үйлчилгээний хэлбэрээр их сургууль сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндийн халамж, үйлчилгээтэй холбогдуулан зохих зөвлөмж, туслалцаа үзүүлэх зөвлөгөөний системийг хөгжүүлэх шаардлагатай. Оюутнуудынхаа амьдралын нөхцлийг авч үздэг байвал сайн. Түүнчлэн их сургууль нь оюутны хүний эрхийг хамгаалж, учирч болох элдэв аюул заналаас хамгаална, ингэснээр оюутан ая тухтай, аюулгүй амьдарна. Оюутны цаашдын амьдралын зам мөрийг дэмжих үүднээс их сургууль ажилд ороход мөн ажлын карерaa өсгөхөд нь туслах зохион байгуулалтын бүтцийг бий болгох шаардлагатай.

7. Сургалт, судалгааны орчин

Сургалт, судалгааны бүтэц, зохион байгуулалтын онцлог, хамрах цар хүрээнээс хамаарч их сургууль нь сургуулийн байгууламж, барилгын зай талбайн зохист хэмжээг тогтооно. Их сургууль нь тавьсан зорилго, зорилтоо биелүүлэх, судлаач, багш нар, оюутны сургалтанд зориулсан сургалтын болон судалгааны орчинг бүрдүүлэхийн тулд өөрийн бодит хөрөнгө, тоног төхөөрөмжтэй байна. Энэ бүхнээс гадна их сургууль нь хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, сургуулийн хотхоныг оюутны хэтийн хөгжил, хандлагад нийцүүлэн байгуулах шаардлагатай.

Их сургууль нь хүлээн зөвшөөрөгдөх сан хөмрөгтэй номын санг ажиллуулан тоон болон чанарын шаардлагад нийцсэн академик мэдээлэл, материалыг системтэй цуглуулж, үр дүнтэй ашиглалтыг бий болгоно.

Мөн их сургууль нь мэдээллийн сангаа номын сангийн сүлжээ ашиглан өөрийн болон бусад орны сургалт, судалгааны байгууллагатай харилцан солилцох системийг бүрдүүлэх нь нэн чухал юм.

Туслах багш, судлаач зэрэг боловсон хүчний тохиромжтой хуваарилалтыг хийх, оюутны сурлагa, тэнхмийн ажилчдын сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжихдээ их сургууль нь судалгааны санхүүжилт хөрөнгө, лаборатори, тэнхмийн гишүүдийн судалгааны хугацааг баталгаажуулж, тухайн судалгаа бичгийн хэлбэрт буух судалгааны хэм хэмжээтэй холбоотой дүрэм журмыг батлан сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжсэн орчин бүрдүүлэн ажиллана.

8. Нийгмийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт

Их сургууль өөрийн нөөц бололцоогоо ашиглан бусад сургалтын болон судалгааны институтууд, аж ахуй нэгжүүд, байгууллагууд, орон нутгийн холбоодтой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Түүнчлэн их сургуулийн хэрэглэгч нийгмийн бүлгүүдтэй мэдлэг, технологи солилцох системийг бий болговол зохино. Энэхүү анхдагч нөхцлөөр их сургууль нийгэмтэй хамтран ажиллах бодлогоо тодорхойлж, боловсруулна.

Дэлхий нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс их сургууль нь олон улсын чиг хандлагыг зорилго, зорилтдоо тусган, судалгааны үр дүн, ололтыг олон улсын хэвлэл, сэтгүүлд нийтлүүлэн, бусад судлаач нар, олон улсын оюутнууд, мэдлэг, технологийг түгээгч хэн бүхэнтэй мэдээлэл солилцож, нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

9. Удирдлага, санхүүгийн нөөц

(1) Удирдлага, манлайлал

Өөрийн зорилго, зорилтоо бодит болгохын тулд их сургууль нь дунд болон урт хугацааны манлайллын бодлогыг томъёолж, нийт гишүүдийн дундах удирдлагын бодлого шийдвэрийн талаарх ухамсарт ойлголтыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ ардчилсан, үр өгөөжтэй шийдвэр гаргалтыг бодлогодоо тусган, баталгаажуулах шаардлагатай.

Японы ихэнхи сургуулиудыг академик байгууллага болон хувь нийлүүлсэн байгууллагууд үүсгэн байгуулсан байдаг учир эдгээр байгууллагуудын эрх, үүргийг эхлээд хангасан байх шаардлагатай.

Холбогдох хууль тогтоомж, бичгээр үйлдэгдсэн дүрэм журмын дагуу их сургуулийн удирдлага ажиллана. Үүнтэй холбоотойгоор их сургуулийн ерөнхийлөгчид, тэнхим, судалгааны алба, зөвлөлийн эрхлэгч, декануудын эрх тодорхой байж, эдгээр боловсон хүчний сонгон шалгаруулалт, чөлөөлөлт нь зохих дүрэм журмын дагуу хийгдэнэ.

Сургуулийн үйл ажиллагааг жигд, үр дүнтэй явуулахын тулд их сургууль ажлын албаны бүтцийг бий болгож, байгууллагын үйл ажиллагаа, зорилт хэрэгжиж байгаа эсэхийг хянана.

Энэхүү бүтэц нь сургуулийн сургалт, судалгааны зорилго зорилт, оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй албан хаагчдаас бүрдэх ба эдгээр ажилчид нь төлөвлөх ур чадвартай байж, сургуулийн удирдлага, манлайлал явагдах боломж, орчныг бүрдүүлэх ёстой.

Үүнийг бодитой болгохын тулд их сургууль ажилчин, албан хаагч авч ажиллуулахтай холбоотой олон янзын дүрэм журмыг боловсруулан өндөр чадамж бүхий хүний нөөцийг бүрдүүлнэ. Ингэхдээ албан хаагчдын хөгжлийг ашиглан, үйл ажиллагааны бодит үнэлгээн дээр суурилсан арга барилыг хэрэгжүүлж, удирдах ажилтнуудын мэргэшил, санал санаачлагыг хөгжүүлэх механизмыг бүрдүүлнэ.

(2) Санхүүгийн нөөц/асуудлууд

Сургалт, судалгааг тогтвортой явуулах, дунд болон урт хугацааны удирдлагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд их сургууль шаардлагатай санхүүгийн суурь бааз, төлөвлөгөөг гаргаж, шударга, үр дүнтэй хэлбэрээр удирдан зарцуулна. Өндөр чадавхи бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, Япон улсын академик судалгааны нээлт, ололтонд хувь нэмрээ оруулахаас гадна өндөр түвшний сургалт, судалгааг дэлхий дахины хүний нөөцийн хөгжил, судалгаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд нь туслах дэд бүтэц/тогтолцоог бий болгоно.

Мөн түүнчлэн их сургууль нь тогтвортой санхүүгийн менежментийг хэвшүүлэхэд онцгой анхаарна. Өндөр түвшний сургалт, судалгаа явуулахын тулд сургалтын төлбөрийн орлогоос хэт хамааралттай байдлаас зайлсхийж, бусад санхүүгийн нөөц бололцоог эрэлхийлнэ. Иймд их сургууль нь гадаад эх сурвалжаас санхүүжилт татах систем, бүтцийг бий болгож, эдгээр төрлийн санхүүжилтийг татахад хичээн ажиллана.

10. Дотоод чанарын баталгаажуулалт

Их сургуулийг нийгмийн хэрэгцээ, шаардлагаас үүдэлтэй байгууллага гэдэг өнцгөөс харах юм бол их сургууль нь үйл ажиллагааныхаа мэдээллийг удирдлагын түвшинд ч, бусад хэлбэрээр ч ил тод байлгах шаардлагатай бөгөөд ингэж байж нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлнэ.

Бие даасан байгууллагын функцэд хадгалахын тулд их сургууль нь өөрийн үйл ажиллагаандаа үнэлгээ дүгнэлт хийж, үр дүнг нийтэд мэдээлж, цаашдын шинэчлэл, өөрчлөлтийг явуулах чадавхийг бэхжүүлнэ. Их сургууль өөрийн чанарыг баталгаажуулах анхдагч үүргийнхээ хүрээнд дотоод чанарын баталгаажуулалтын дотоод системийг бүрдүүлж, энэхүү дотоод чанарын баталгаажуулалттай холбоотой бодлого, процедурыг тодорхой болгоно.

Дотоод чанарын баталгаажуулалтын системийн бүрэн ажиллах боломжийг хангахын тулд их сургууль нь өөрийн судалгаа, үнэлгээний зорилго, хүртээмжийг нэмэгдүүлэх, гарсан үр дүнг цаашдын шинэтгэл, сайжруулалттай холбох бүтээлч арга хэмжээг бүрдүүлж ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах http://www.juaa.or.jp/en/ холбоосоор орж танилцана уу.