Монголын их дээд сургуулиуд “ОЮУТАН МОБИЛИТИ” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030-д тусгасан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Үүнтэй холбогдуулан “Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх, оюутан мобилити тогтолцоо” санаачлалыг эхлүүлэхээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд, Монгол Германы хамтарсан Технологийн их сургуулийн Захирал Доктор, Н.Дорждэрэм, Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн Захирал Доктор, Ч.Ганзориг нар хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын сайд Ц.Цогзолмаа, Сайдын зөвлөх Б.Ганбат болон бусад албаны төлөөлөгч нар оролцон цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээгээр бусад их дээд сургуулиудыг тус санаачилгын хүрээнд хамтарч ажиллахыг уриаллаа.

Оюутан мобилити тогтолцооны мөн чанар нь оюутан залууст өөрийн хүссэн мэргэжил, чиглэлээр хэрхэн, хэзээ, яаж суралцаж үр дүнд хүрэх хариуцлагатай сонголт хийх эрх чөлөөг нь олгосноор “уламжлалт оюутныг” бие даан насан туршид суралцах чадвартай “чөлөөт оюутан” болгож байгаа явдал юм. “Чөлөөт оюутны” сурах үйл ажиллагаа, суралцахуйн үр дүн, заах арга зүй, хүрсэн үр дүнг шалган дүгнэх үйл ажиллагаа нь сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанарын дотоод хяналт, магадлан итгэмжлэлээр зохицуулагдах юм байна.

Цаашдаа энэхүү тогтолцоог өргөнөөр хэрэгжүүлэх нь хүн ам, дэд бүтцийн хязгаарлагдмал нөөцтэй манай орны хувьд боловсролын чанарыг сайжруулах өндөр ач холбогдолтой хэмээн санаачлагч, дэмжигч, оролцогчид санал нэгтэй дэмжиж байна.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Монгол Германы хамтарсан Технологийн их сургууль
Шинэ Монгол технологийн дээд сургууль