БМИҮЗ Тайваний Дээд Боловсролын Үнэлгээ, Магадлан Итгэмжлэх Зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

БМИҮЗ-ийн гадаад харилцааг өргөжүүлэх, магадлан итгэмжлэх ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, бэхжүүлэх стратеги зорилтоо хэрэгжүүлэх үүднээс БМИҮЗ-ийн төлөөлөл 11-сарын 27-29-ний өдрүүдэд Тайвань улсад айлчилж Тайваний Дээд Боловсролын Үнэлгээ, Магадлан Итгэмжлэх Зөвлөлийн удирдлагатай (Higher Education Evaluation and Accreditation Council of Taiwan -HEEACT) уулзан хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээнд БМИҮЗ-ийн ажлын албаны дарга Ж.Ариунболд, Тайваний Дээд Боловсролын Үнэлгээ, Магадлан Итгэмжлэх Зөвлөлийн гүйцэтгэх захирал Анжела Юн-Чи Хоу (Angela Yung-Chi Hou) нар гарын үсэг зурлаа. Гэрээгээр хамтарсан магадлан итгэмжлэл хийх, шинжээч, мэргэжилтнүүд солилцох, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан сургалт, семинар зохион байгуулахаар тохиролцлоо.

Мөн айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид Тайваний Кун Шан Технологийн их сургууль, Мин Чуан Их сургууль, Жин Нан Эм зүй, Шинжлэх ухааны их сургуулиудаар зочилж тэдгээр сургуулиудын байгууллага болоод, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд оролцож буй явц болоод сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсролыг тэргүүлэн хөгжүүлэх салбарын нэг болгон чухалчилсан Тайваний засгийн газрын бодлогын үр дүнд өнөөдөр Тайваний боловсрол, үүн дундаа дээд боловсрол Ази номхон далайн орнууд дундаа манлайлах байр суурьтай нэгний тоонд зүй ёсоор орж буй бөгөөд үүнд Тайваний Дээд Боловсролын Үнэлгээ, Магадлан Итгэмжлэх Зөвлөлийн оруулж буй хувьд нэмэр багагүй юм. БМИҮЗ, Тайваний Дээд Боловсролын Үнэлгээ, Магадлан Итгэмжлэх Зөвлөлийн хамтын ажиллагаа нь харилцан үр өгөөжтэй, ялангуяа шинжээчдэд олон улсын магадлан шинжлэх үйл ажиллагаанд гар бие оролцох практик, дадал туршлага олгох тал дээр өндөр үр дүнтэй байна гэдэгт гэрээ байгуулсан талууд итгэлтэй байна.