МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүдэд гэрчилгээ гардуулах арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Багшийн хөгжлийн ордны 202 тоотод зохион байгууллаа. Гэрчилгээг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал Ж.Ариунболд, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын Я.Наранцэцэг нар гардуулав.

БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар МУИС-ийн 9, СУИС-ийн 5, ШУТИС-ийн 2, ХААИС-ийн 1, Дорнод их сургуулийн 3, Отгонтэнгэр их сургуулийн 1, Мандах их сургуулийн 1 нийт 8 сургуулийн нийт 22 хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шийдвэр гаргасан бөгөөд 17 хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд МУИС-ийн 9 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авснаар уг үйл ажиллагаа 100 хувь амжилттай хэрэгжиж дууслаа.

2018 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн зүгээс 22 сургууль, 38 хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна.