“Боловсролын Магадлан Итгэмжлэл” сэтгүүл ISSN дугаар авч олон улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болов



International Standard Serial Number (ISSN) дугаар нь цуврал сэтгүүл хэвлэлийг төрөл, хэлбэр, гарчгаар нь ялган таних зорилгоор зохиогдсон 8 оронтой дугаар бөгөөд анхлан 1975 онд олон улсын стандартын байгууллагаас санаачлан гаргаснаар олон улсын түвшинд хэрэгжиж эхэлжээ. Өнөөдөр ISSN дугаарын бүртгэлийг UNESCO болон Францын засгийн газрын хамтран байгуулсан, Парист байршилтай ISSN International Centre хийж байна.

Орчин үед дэлхийн олон улсад хэвлэгдэж буй цуврал хэвлэлүүд ISSN International Centre-д хандан ISSN дугаар авч нэгдсэн дата санд бүртгүүлэх болсон нь ISSN дугаарын шаардлага, хэрэгцээ өсөж олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйгийн тод илрэл.

Саяхан Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл ISSN International-д хандан өөрийн эрхлэн гаргадаг “Боловсролын Магадлан Итгэмжлэл” сэтгүүлдээ ISSN 2663-2918 дугаар авч олон улсын хэвлэлийн нэгдсэн дата санд амжилттай бүртгүүлж, “Боловсролын Магадлан Итгэмжлэл” сэтгүүл олон улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл боллоо.