БМИҮЗ-ийн төлөөлөл Хонконгийн их сургуулийн төлөөлөлтэй уулзлаа

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Ариунболд тэргүүтэй төлөөлөл Хонконгийн Их Сургуулийн (The University of Hong Kong) төлөөлөл болох тус сургуулийн боловсролын бодлогын тэнхимийн эрхлэгч Kai-ming Cheng, ерөнхийлөгчийн дэргэдэх боловсролын хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын захирал Helen Lockey нартай уулзаж хоёр байгууллагын хамтын ажиллагааны боломж, Хонконгийн магадлан итгэмжлэлийн тогтолцоо, тус сургуулийн боловсролын чанарын талаар ярилцаж санал солилцов.

Хонконгийн Их Сургууль нь өдгөө дэлхийд 25-д эрэмблэгдэж (QS Ranking) байгаа олон улсад тэргүүлэх байр суурьтай сургууль бөгөөд Хонконгийн боловсролын салбарын түүчээ болсон төрийн эзэмшлийн 9 их сургуулийн нэг, Хонконгийн хамгийн том, нэр хүндтэй үндэсний их сургууль юм. Төрийн их дээд сургуулиудын төртэй харьцах, үйл ажиллагааг хянах, зохицуулах үүргийг University Grand Council гүйцэтгэдэг бөгөөд энэ байгууллагын харьяалалд байх Quality Assessment Council нь төрийн сургуулиудын чанарын баталгаажуулалтын асуудлыг хариуцдаг байна. Гэхдээ Хонконгийн Их Сургууль тэргүүтэй төрийн өмчийн сургуулиуд нь чанарын баталгаажуулалтыг (магадлан итгэмжлэл гэж нэрлэдэггүй) гадны мэргэжлийн экспертийг урин өөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг дүгнүүлэх замаар хийлгэдэг онцлогтой. Харин хувийн их, дээд сургуулиуд нь Hong Kong Council for Accreditation of Academic and Vocational Qualifications (HKCAAVQ) гэх магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэдэг аж.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанаас Хонконгийн Их Сургуультай цаашид хамтран ажиллах гэрээ зурах мөн Хонконгийн чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэх системийг гүнзгийрүүлэн судлах, туршлага солилцохоор төлөвлөж байна.