БМИҮЗ ГЕРМАНЫ ACQUIN-ТЭЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА



БМИҮЗ нь Германы ACQUIN (Accreditation, Certification and Quality Assurance Institute) байгууллагатай магадлан итгэмжлэлийг харилцан хүлээн зөвшөөрөх, хамтарсан магадлан итгэмжлэл хийх хамтын ажиллагааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрлээ. БМИҮЗ-ийн урилгаар ACQUIN-ий төлөөлөл Улаанбаатар хотод айлчлан ирж 3-р сарын 29-ний өдөр манай их дээд сургуулиудын төлөөлөлтэй уулзах бөгөөд энэхүү айлчлалын үеэр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. ACQUIN нь 2001 онд байгуулагдсан Германы Бавар мужид төвтэй дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллага юм. Өдгөө эрдмийн бүх л салбарын магадлан итгэмжлэлийг гүйцэтгэдэг, зөвхөн Герман төдийгүй Европ болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага болсон. ACQUIN нь Европын боловсролын чанарын баталгаажуулалтын нэгэн гол төлөөллийн хувьд Европын магадлан итгэмжлэлийн ESG (European Standards and Guidelines) стандартыг хэрэгжүүлдэг. Тиймээс тус байгууллага ESG стандартад нийцтэй шалгуур шаардлагаар, чанарыг баталгаажуулдаг бусад байгууллагуудтай хамтарсан магадлан итгэмжлэл хийх, харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой. Хийхээр төлөвлөж буй БМИҮЗ, ACQUIN-ийн хамтын ажиллагааны гэрээ нь БМИҮЗ-ийг мэргэжлийн байгууллагын хувьд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, цаашид зөвхөн Монголд төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулах стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний алхам юм.