БМИҮЗ, АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ХОЛБОО (APACС)-ТОЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC-Colombo Plan Staff College)-ийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс (APACC)- той хамтран 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх, чадавх бэхжүүлэх” сургалтыг зохион байгууллаа.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Бүсийн арга зүйн төв, Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комиссын гишүүд, Мэргэжлийн зөвлөлийн гишүүд, шинжээчид нэр дэвшигч бүхий төлөөллөөс бүрдсэн нийт 100 орчим хүн тус сургалтад хамрагдав.

Энэхүү арга хэмжээний үеэр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллегийн Магадлан итгэмжлэл ба батламжлалын комисстой  “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC-Colombo Plan Staff College) нь 28 улс орныг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын Засгийн газар үндсэн гишүүн бөгөөд Ази, номхон далайн бүсийн  магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс (APACC) нь бүсийн хэмжээнд мэргэжлийн боловсролын байгууллагуудад чанарын баталгаажуулалт хийдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.