МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА



2017-2019 онд хэрэгжиж буй Европын холбооны Erasmus+C3QA төсөлд Франц, Испани, Польш, Монгол, Казакстан, Украйн, Армени улсууд консорциум болон нэгдэж, өөрийн улсын докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын үндэсний тогтолцоог олон улсын нийтлэг жишгээр хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний бодлого, эрх зүйн баримт бичгийг шинэчлэх, докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг шинээр батлах, мөн их сургуулийн докторын хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог  бүрдүүлэх ажлыг хийж байна.



БМИҮЗ-ийн ажлын алба докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримталдаг олон улсын нийтлэг зарчим болох Зальцбургийн зарчимд нийцүүлэн докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг боловсруулан, оролцогч талуудад шат дараатайгаар 5 удаа хэлэлцүүлсний эцэст  Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлан Erasmus+C3QA төсөлд оролцогч МУИС, ОТИС-ийн докторын 2 хөтөлбөрт туршин хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх олон улсын шинжээчдийн баг ОТИС-д 2019 оны 5 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд, МУИС-д 2019 оны 5 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд ажиллаж байна.



ОТИС-ийн “Боловсрол судлал” докторын хөтөлбөрт үндэсний шинжээчээр МУБИС-ийн профессор, академич Б.Жадамба,  ХИС-ийн профессор, доктор Н.Оюунцэцэг, олон улсын шинжээчээр Испанийн  University of Alcala de Henares  их сургуулийн доктор Alfredo Gardel,  доктор José Luis Lázaro, доктор Ignacio Bravo-Muñoz, Украйны доктор Anzhelika Gerasymenko (Kyiv National University of Trade and Economics), Арменийн магадлан итгэмжлэлийн ANQA байгууллагын захирал Ruben Topchyan нар 2019 оны 5 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд ажиллаж хөндлөнгийн үнэлгээ хийв.



МУИС-ийн “Биологи” докторын хөтөлбөрт 5 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчдийн багт үндэсний шинжээчээр ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Ган-эрдэнэ, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Баатарцогт, олон улсын шинжээчээр Францаас доктор Jean-Marc Lobaccaro (University of Clermont Auvergne), Украйнаас доктор Tetyana Borova (Kharkiv National University of Economics), Армениас доктор Aleksandr Grigoryan (Yerevan State University), мөн Арменийн магадлан итгэмжлэлийн байгууллагын захирал Ruben Topchyan (ANQA)  нар ажиллаж байна.



Энэ хоёр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь БМИҮЗ-ийн хөгжилд шинэ үеийг эхлүүлж байгаа бөгөөд үүнээс өмнө хийгдэж ирсэн үндэсний болон олон улсад магадлан итгэмжлэлээс онцлог ялгаатай. Тодруулбал үндэсний магадлан итгэмжлэлд олон улсын шинжээчид ажиллаж, докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл болон үндэсний бодлого, нийтлэг журам, зохицуулалт, хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог харилцан уялдаатай хөгжүүлэх улмаар олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Түүнчлэн олон улсын шинжээч ажиллах бэлтгэл хангах явцдаа БМИҮЗ нь докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй холбоотой баримт бичгүүдийг англи хэлээр бэлтгэж, гарын авлага боловсруулсан ба МУИС, ОТИС өөрийн үнэлгээний тайлан болон холбогдох материалуудыг англи хэлээр бэлтгэсэн нь урьд өмнөхөөс давуу талтай болов.

Олон улсын шинжээчид хамтран ажилласан энэхүү туршлагад тулгуурлан цаашид хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээчдийн багт олон улсын шинжээчийг урьж ажиллуулах, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтарсан магадлан итгэмжлэл хийх зэргээр БМИҮЗ-ийн үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөх байдал улам бүр баталгаажих болно.

Олон улсын шинжээчийн баг манай хоёр сургуульд ажиллаж байгаа эдгээр өдрүүдэд Erasmus+C3QA төслийн зохицуулагч болох “French University in Armenia” Foundation (UFAR) их сургуулийн ректор Jean-Marc Lavest, проректор Arayik Navoyan нар Монгол улсад ажиллаж, төслийн мониторингийн уулзалтуудыг хийж БСШУСЯ, БМИҮЗ, МУИС, ОТИС-ийн төслийн багийнхантай хамтран ажиллаж байна.