БМИҮЗ, AACSB ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ



Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн (БМИҮЗ) урилгаар АНУ-д төвтэй AACSB (Association to Advance Collegiate Schools of Business) буюу Бизнесийн Сургуулиудыг Ахисан Түвшинд Магадлан Итгэмжлэх Холбооны төлөөлөгчид ирж Монголын их, дээд сургуулиудад зориулсан уулзалт, сургалтыг зохион байгуулав.
Бизнесийн чиглэлээр сургалт эрхэлж буй их, дээд сургуулийн 100 гаруй багш, мэргэжилтэн, шинжээчид оролцсон тус сургалтад AACSB-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Том Робинсон, Ази-номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл хариуцсан менежер Аму Мэмон, Азийн бүсийн гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн Чий Пэнг Тан нар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.
Монголын бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг ахисан түвшинд магадлан итгэмжлүүлэх, олон улсад танигдахад томоохон хувь нэмэр болох үр дүнтэй ажлын эхлэл боллоо хэмээн хуралд оролцогчид тус арга хэмжээний талаар сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.