ERASMUS+ C3QA төслийн үр дүнг хэлэлцлээ

Европын холбооны ERASMUS+ төслийн хүрээнд Испани, Франц, Польш, Монгол, Казакстан, Украйн, Армени улсууд хамтран хэрэгжүүлсэн “Европын нэгдсэн хөтөлбөртэй уялдуулан докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх замаар судалгааны интернациональчлалыг дэмжих нь” (C3QA) төсөл 2017-2019 онд хэрэгжиж дууслаа. Уг төсөлд Монгол Улсаас консорциум болон нэгдэж оролцсон БСШУСЯ, БМИҮЗ, МУИС, ОТИС-ийн 17 хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг амжилттай ажиллаж, дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Үүнд:

1. Төслийн баг хамтран Монгол Улсын докторын хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаа хийж, асуудал, шийдлийг тодорхойлов.

2. Франц, Испани, Польшийн оролцогч талууд хамтран бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн, докторын хөтөлбөрийн интернациональчлалыг дэмжих сургалтын гарын авлагыг (англи хэлээр) боловсруулж, Монголын баг орчуулж, түгээлээ.

3. Докторын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага, сургалт эрхлэх журам, хамгаалуулах зөвлөлийн журмыг шинэчлэх төслийг боловсруулж, хэлэлцүүлэв.

4. Олон улсын нийтлэг зарчим, хандлагад нийцүүлэн “Докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”-ын төслийг боловсруулан БМИҮЗ-ийн ажлын алба, шинжээчид, магадлан итгэмжлэгдсэн их сургуулиуд, БСШУСЯ, ШУА болон хүрээлэнгүүд, судлаачдын оролцоотой хэлэлцүүлэн санал бодлыг тусгасны зэрэгцээ Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, улмаар БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлав.

5. МУИС, ОТИС-ийн докторын хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтын гарын авлагыг боловсруулав.

6. МУИС-ийн “Биологи”, ОТИС-ийн “Боловсрол судлал” докторын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний баг томилогдон ажиллаж, магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланг англи хэл дээр бэлтгэв.

7. Монгол, Франц, Испани, Армени, Украйны олон улсын шинжээчдийн баг МУИС-ийн “Биологи”, ОТИС-ийн “Боловсрол судлал” докторын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, ОТИС-ийн “Боловсрол судлал” докторын хөтөлбөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв. МУИС-ийн “Биологи” докторын хөтөлбөрт ажилласан шинжээчдийн тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.

Гурван жилийн хугацаанд шат дараатай хэрэгжүүлсэн төслийн ажлын үр дүнг гарын авлага болгон хэвлэж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр МУИС-ийн төв номын сангийн 502 тоот танхимд хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт Европын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Traian Laurentiu Hirststea, C3QA төслийн зохицуулагч, Армени дахь Францын их сургуулийн дэд захирал Arayik Navoyan, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Ариунболд, МУИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг, Отгонтэнгэр их сургуулийн ректор Н.Энхзаяа нар урилгаар оролцов. БСШУСЯ, БМИҮЗ, АХБ, их сургууль, судалгааны байгууллагуудын төлөөлөл 60 хүн хэлэлцүүлэгт оролцож, төслийн үр дүнг сайшаан цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцлоо.